Нью-Йорк мужид үл мэдэгдэх нисэх аппарат үзэгдсэнтэй холбогдуулан дрон илрүүлэх системийг ажиллуулахаар болжээ


Үл мэдэгдэх нисэх аппаратууд тэнгэрт үзэгдсэнтэй холбоотойгоор АНУ-ын Нью-Йорк мужид дрон илрүүлэх системийг тавьж, ажиллуулахаар болсон талаар тус мужийн амбан захирагч Кэти Хочул мэдэгджээ.

Сүүлийн үед АНУ-ын зүүн эргийн хавьцаа хотуудын тэнгэрт үл мэдэгдэх нисдэг биетүүд үзэгдэх болсон бөгөөд зөвхөн Нью-Йорк гэлтгүй Нью-Жерси, Пеннсильвани, Мэрилэнд, Коннектикут, Массачусеттс зэрэг мужуудад ч тиймэрхүү зүйлс тэнгэрт үзэгдсэн тухай мэдээллүүд гараад байгаа юм. 

Нью-Йорк мужийн тухайд өнгөрсөн долоо хоногт Стюартын олон улсын нисэх онгоцны буудлын дээгүүр олон тооны дрон үзэгдсэнтэй холбогдуулан хөөрөх талбайг хэдэн цагаар хаах арга хэмжээ авахад хүрсний дараагаар мужийн захирагч холбооны албадаас тусламж хүссэнээр дрон илрүүлэх систем суурилуулахаар болсон талаараа өөрийн Х хуудсандаа бичсэн байна.

Огайо мужид ч мөн яг ийм үйл явдал өнгөрсөн долоо хоногт болжээ. Тус мужид байрладаг Райт-Паттерсоны агаарын зэвсэгт хүчний баазын дээр дронууд үзэгдсэн учраас баазыг хэдэн цагийн турш хаасан ажээ.

Нью-Йорк мужид суурилуулахаар илгээсэнтэй ижил дрон илрүүлэгч системийг мөн Нью-Жерси мужид илгээх болно гэдгийг АНУ-ын сенатч Чак Шумер мэдэгдсэн байна. Харин шөнийн тэнгэрт үл мэдэгдэх нисэх аппарат харсан энгийн иргэдийн дунд “харь гаригийн хөлөг” гэх зэргээр домог яриа, төөрөгдөл үүсэхээс сэргийлж Нью-Йорк мужийн амбан захирагч болон бусад албаныхны зүгээс ард иргэддээ хандан тэдгээр нисэх аппаратууд нь дрон гэдгийг тодотгохын сацуу үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн аюул заналхийлэл учруулаагүй гэдгийг онцлоод байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *