ОХУ-ын улсын Цөмийн, биологийн, химийн зэвсэгт хүчний дарга, дэслэгч генерал Игорь Кириллов Москва хотноо дэлбэрэлтэд өртөн амиа алдсан байна.

Тэрээр мягмар гаригийн өглөө орон сууцны хорооллоос гарч явахдаа цахилгаан скүүтерт нуусан тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтэд өртөн амь үрэгдсэн талаар ОХУ-ын Мөрдөх товчооны зүгээс мэдээлсэн бол тэрхүү тэсрэх бөмбөгийг алсын удирдлагаар идэвхжүүлсэн тухай тус улсын аюулгүй албаны эх сурвалжаас ТАСС агентлаг мэдээлжээ.
Даваа гаригт Украины Аюулгүй байдлын албаны зүгээс Игорь Кирилловыг “хориотой химийн зэвсгийг ашиглан олноор нь хомроглон устгасан” гэх хэрэгт буруутгаж байгаагаа Telegram сувгаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд түүний үхлийн талаар Украины засгийн газраас одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Украины Аюулгүй байдлын албаны зүгээс Оросын талыг Игорь Кирилловын удирдлаган дор Украинд 4800 гаруй удаа химийн зэвсэг ашигласан хэмээн буруутгасан бол Москва-гаас үүнийг нь “ул үндэсгүй, баримт нотолгоогүй гүтгэлэг” хэмээн няцаасан байна. Украины тал Оросыг дрон ашиглан украины цэргүүдийн дээрээс химийн зэвсэг хаясан гэж буруутгажээ.
Дэлбэрэлт болсон байрны үүдний хэсгийн хана, хаалга нэлээд эвдэрч сүйдэн, цонхнууд хагарснаас гадна 54 настай генералын хамт мөн түүний туслах амь үрэгдсэн байна. ОХУ-ын Мөрдөх товчооны зүгээс хоёр албан хаагчийн амь насанд халдсан явдалд эрүүгийн хэрэг нээн, мөрдөн шалгах болно гэдгээ мэдэгджээ.
Москва хотын Рязанскийн гудман дах орон сууцны байрны гадна генералыг туслахтай нь хамт хороосон тринитротолуен хэмээх тэсрэх бодисын хэмжээг 300 гр байсан хэмээн Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлээд байна.