У.Хүрэлсүх: Найрааны засгийн газар эмээл хазаарынхаа бүтэн дээр хазаараа татацгаа


Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга У.Хүрэлсүх өчигдөр агаарын бохирдлын асуудлаар албаныхныг өрөөндөө дуудав. “Ковид хэнийг ч ялгадаггүй юм билээ” гэх салбарын сайдын үг шиг гамшгийн хэмжээнд хүрсэн утаагаар хэн хүнгүй амьсгалж утуулж бас хордож байна. Харин энэ асуудлыг дорвитой сөхөж шийдэл гаргасан албаны хүн өнгөрсөн хугацаанд нэг ч байсангүй. Хамгийн сүүлд буюу энэ оны гуравдугаар сард тухайн үеийн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяаг хурлаас хоцорлоо хэмээн олон нийтийн өмнө загнаж байсан Ерөнхийлөгч энэ удаад УИХ, Засгийн газар, хотын удирдлагуудыг өрөөндөө дуудаж загналаа.

Тэрбээр засгийн газрыг салан задгай байна гэж шүүмжлээд найрааны засгийн газар гэх нэршлийг албан ёсоор өгөөдхөв.

Мөн “Эмээл хазаарынхаа бүтэн дээр хазаараа татацгаа. Яагаад гурван жил утаагүй байж чадсан мөртөө одоо ийм байдалд оров.Цар тахлын үед бүх айл өдөржин гэртээ галаа түлээд байж байхад утаагүй байж болж байсан. Харин одоо бол хариуцлагүйн утаа нүүрсний утаатай хавсарч байна” гэж шүүмжилсэн юм. “Тавантолгой түлш” компанийн түлшний чийгшил дөрвөн хувиас 14 хувь хүрчээ. Өөрөөрхэлбэл нийслэлүүд чийгтэй түлшээр утаа май тавин хордож байгааг Ерөнхийлөгч энэ уулзалтын үеэр тодотгосон юм. Юутай ч Ерөнхийлөгч утаа арилгах асуудлаар албаныханд хугацаатай үүрэг өгч тоолуур гүйж эхэлснийг сануулсан юм. Харин энэ уулзалтад Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын засаг дарга Х.Нямбаатар нар байсангүй. Тэд эзгүй байсан нь тохиолдол байв уу эсвэл зохиол байв уу ?

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *