ХБНГУ-ын парламентын ээлжит бус сонгууль 2025 оны 2 сард явагдахаар болов


Даваа гаригт ХБНГУ-ын Канцлер Олаф Шольцид итгэл хүлээлгэх эсэх асуудлаарх парламентын санал хураалт явагдаж, тэрээр ялагдсанаар хуулийн дагуу парламентын ээлжит бус сонгуулийг ирэх оны 2 сарын 23-ны өдөр явуулахаар боллоо.

Олаф Шольцын хувьд өөрийн намын улс төрийн эрх мэдлийг дахин сэргээхийн тулд парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах зорилгоор өөрийнхөө албан тушаалаар дэнчин тавьж өчигдрийн итгэл хүлээлгэх эсэх асуудлаарх санал хураалтыг явуулж, санал хураалтын дүн ч түүний хүссэнээр итгэл хүлээлгэхгүй гэсэн дүнтэй гарсан байна.

Барууны хэвлэлүүд түүний энэхүү улс төрийн нүүдлийг “камиказе үйлдэл” байлаа хэмээн бичиж байна.

Олаф Шольцын тэргүүлсэн, гурван намын хамтарсан эвслийн засгийн газар 11 сарын эхээр нуран унасны дараагаар тэрээр цөөнхийн засгийн газрыг хоёр сар хүрэхгүй хугацаанд удирдсан юм. Өөрөөр хэлбэл түүнд болон түүний Социал демократ намын хувьд шинэ засгийн газар байгуулах шаардлага хэрэгцээ үүсэж, үүний тулд парламентын ээлжит бус сонгуулийг явуулахаас өөр арга байгаагүй бөгөөд тэрээр өчигдрийн санал хураалтын өмнө болсон парламентын хэлэлцүүлэг дээр “улс эх орныг хөл дээр нь босгож, шинэ замд нь оруулах цорын ганц боломж бол ээлжит бус сонгууль” хэмээн онцолжээ.

Даваа гаригийн парламентын санал хураалтаар 394 гишүүн түүний эсрэг, 207 гишүүн түүнийг дэмжиж санал өгсөн бол 116 гишүүн түдгэлзжээ.

Ийнхүү Олаф Шольцын хүссэнээр 2025 оны 9 сард явагдах товтой байсан парламентын сонгуулийг 2 сард хугацаанаас нь өмнө явуулахаар боллоо.

Улс төр судлаач, ажиглагчдын дүгнэсээр Герман улсад улс төрийн намууд хамтарч, хоорондоо эв түнжинтэй, харилцан тохирсон эвслийн засгийн газар байгуулж, улс эх орноо удирдан авч явдаг цаг өнгөрснийг сүүлийн үед тус улсад өрнөсөн үйл явдлууд харуулаад байна гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *