Хүмүүс хаана ч байхгүй эмчилгээг өөрсдөө бий болгон, хүүхдийнхээ цээжийг архи, спиртээр боож байна


Удаан үргэлжилсэн ханиалга нь өвлийн хүйтэн саруудад хүүхдүүдэд түгээмэл тохиолддог. Энэ нь томчуудын толгойны өвчин болж байна. Хэрхэн хүүхдийнхээ дархлааг унагахгүйгээр ханиадыг нь эмчлэх вэ гэдэгт тэд анхаардаг. Антибиотикоос аль болох татгалзах нь зөв. Гэвч зарим хүн ам дамжсан, сайн гэж бусдын ярьсан эмчилгээг хүүхэд дээрээ туршиж, эрсдэлд оруулах нь бий. Тэр дундаа уламжлалт эмчилгээг буруу хийж, хүүхдийнхээ өвчнийг хүндрүүлэн, эцэстээ эмнэлэгт хэвтэх явдал гарч байна.

Энэ жилийн тухайд амьсгалын замын синцитиал вирус хүн амын дунд тархан, богино хугацаанд уушгины хатгалгаа үүсгэж, эмчилгээнд хүндрэл учруулж байгаа аж. Тус вирусийн нууц хугацаа 3-5 хоног. Харин үүнийг мэдэлгүй эцэг эхчүүд дур мэдэн эм тан өгөх, цаашлаад өөрсдөө онош тавин, хаана ч байхгүй эмчилгээг өөрсдөө бий болгон, хүүхэд дээрээ турших болжээ.  

Тэгвэл Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс хүүхдээ ханиад хүрсэн үед уламжлалт эмчилгээ хийлгэдэг эсэх талаар тодруулахад,

-Шаардлагатай үед уламжлалт эмчилгээ хэрэгтэй. Эм тариа, боловсон хүчин хүрэлцэхгүй орон нутагт бол хүмүүс уламжлалт эмчилгээ хийж байгаа. Гэхдээ энэ ханиад 48 цагийн дотор хатгаа болж байна. Эхэндээ саримстай шөл хийж өгөх гэх мэт аргуудыг хэрэглэсэн. Ингээд нэмэр болоогүй учраас эмчид хандсан.

-Эм нэг талдаа сайн ч нөгөө талдаа хүүхдийг хордуулж байгаа, маш муу. Тийм  учраас уламжлалт эмчилгээ хийх үе бий. Аарц, чацаргана уулгавал зарим ханиад  эдгэдэг. Том охиноо бага байхад нь ханиад хүрэхэд уламжлалтын эмчид хандаж бариа, татлага, төөнүүр гэх мэт эмчилгээгээр эдгээж байсан. Дархлааг нь сайжруулах зорилгоор “Мана 4” уулгаж байсан. 

Л.Золзаяа: Хүүхдэд дур мэдэн тан уулгах, архи, спиртээр боолт хийх зэрэг нь амьсгалын дутагдалд оруулах эрсдэлтэй

Хатгаатай хүүхдийн цээжийг архитай боолтоор боож хүндрүүлсэн 2 хүн ЭХЭМҮТ-2 дээр иржээ. Архи хурц үнэртэй учир хүүхдэд эмчилгээ болохгүй. Мөн хатгааг архиар боох эмчилгээ анагаах ухаанд байхгүй гэдгийг эмч нар хэлж буй. Ийн дур мэдэн эмчилснээр хүүхдийн цээж шуугих, амьсгал боогдох зэрэг эрсдэл гардаг байна. Адууны өөх, махаар цээжинд нь боолт хийх эмчилгээ байдаг ч архи, спиртээр боолт хийнэ гэдэг хүний санаанд буумгүй. Энэ мэтчилэн өөрсдөө дур мэдэн хүүхдээ бусдын ам дамжсан аргаар эмчлэх гээд өвчнийг нь хүндрүүлэх, цаашлаад эмч, эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх эрсдэлтэй.

“Уламжлалт эмчилгээ таарах, таарахгүй хүүхэд гэж бий. Харшламтгай, диатезтай хүүхдэд элдэв тан өгч, спирт болон элдэв хурц үнэртэй зүйлээр боолт хийвэл цээжийг нь шуугиулахын зэрэгцээ амьсгалын дутагдалд оруулах эрсдэлтэй. Тиймээс уламжлалт эмчилгээг сонгох гэж байгаа үед зайлшгүй эмчийн зааврыг дагаж, хүүхдийн биеийн онцлогт тааруулан, эмчилгээ бичүүлэх нь зохистой. Эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүдийн ихэнх нь цээж нь шуугьсан, өвчин нь хүндэрсэн байдалтай ирдэг. Цөөн ээж аав л гэртээ зөгийн балтай татлага хийсэн, аньсны навчны ханд уулгасан байдаг” гэж ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмч Л.Золзаяа онцоллоо.

Ханиад дэгдэж байгаа үед хүмүүс нэмж халдвар авахаас зайлсхийж, хүүхдээ эмнэлэг бараадуулахгүйгээр өөрөө эмчлэх гээд ханиадыг нь хүндрүүлдэг. Ингээд яалт ч үгүй эмнэлэгт ирдэг. Хэрэв дур мэдэн эмчлээгүй бол хүүхэд эмнэлэгт хэвтэх хүртлээ хүндрэхгүй байх талтай гэдгийг эмч нар хэлсэн.

Ийн эцэг, эхчүүд дур мэнд хүүхдээ эмчлэх нь эрсдэлтэй бөгөөд цаашлаад хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоог нэмж байгаа нь сайнгүй үзэгдэл юм. “Одоо давамгайлж байгаа синцитиал вирусийн нууц хугацаа 3-5 хоног. Эхэн үедээ амьсгалын дээд зам улайж үрэвсдэг. Богино хугацаанд гуурс болон гуурсанцар үрэвсэж, уушгины хатгалгаа болж хүндрэх эрсдэлтэй. Үүнийг дур мэдэн эмчлэхгүй байх хэрэгтэй.

Томчуудын зарим нь хүүхдээ ханиад хүрмэгц элдэв хурц үнэртэй тан уулгах, эсвэл бариа хийчхээд гам барихгүй байх, зөгийн балтай татлага хийх зэргээс хүүхдийн цээж шуугьж хүндэрч байгаа. Мөн дээр дурдсанчлан диатез болон харшилтай хүүхдэд хурц үнэртэй эм, тан таардаггүй байна.

Ханиад хүрсэн хүүхэд харшил, диатезтай бол уламжлалт эмчилгээ улам хүндрүүлдэг

“Уламжлалт эмчилгээ хүн бүрт тохирдоггүй. Ер нь өвчний хүнд, хөнгөн байдал, илэрч буй шинж тэмдгээс шалтгаалаад, эмчилгээг хийдэг. Биеийн дархлаа сайтай, өвчин хөнгөн үед заавал эм, тан, засал эмчилгээ хийлгээд байх шаардлагагүй. Энэ үед сайн унтаж амрах, ажлын ачааллаа багасгах, чацарганы шүүс, халуун аарц, хонины махтай саримстай шөл зэрэг хоол унд хэрэглэхэд ханиад намдана. Мэргэжлийн бус хүний таамгаар эмчилгээ хийж болохгүй. Ялангуяа хүүхдийн өвчин, тэр дундаа халуун өвчин бэлгэ чанараасаа хамаараад маш хурдан явцтай байдаг. Ханиадны хүнд, хөнгөнөөс хамаараад өвчний явц тодорхой хугацаанд үргэлжилдэг учраас үүнтэй уялдаад эмчилгээг нь тодорхой хугацаанд тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатай байдаг. Дунджаар үндсэн эмчилгээ буюу эмчийн хяналтанд эм, тан уух, жин, дэвтээлэг, төөнүүр, зөгийн балтай татлага гэх мэт тохирсон эмчилгээг 5-7 хоног хийлгэнэ. Уламжлалт эм, тангийн жоронд халуун бууруулах, нян вирусыг устгах үйлчилгээтэй ургамлууд байхын зэрэгцээ хийг тэгшитгэх, дархлаа сайжруулах, хаван хөөх зэрэг үйлчилгээтэй ургамлын найрлага давхар орсон байдаг. Хүүхэд бол биеийн онцлогоос нь шалтгаалж уламжлалтаар эмчлэх эсэхийг шийддэг” гэж уламжлалтын эмч нар хэллээ.

Амьсгалын замын өвчний 67 хувийг синцитиал эзэлж байна

Томуугийн дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан эмнэлгийн ачаалал 2-3 дахин нэмэгджээ. Тиймээс эмнэлгүүд нэмж 100-150 ор дэлгэн, өвчтөнөө хэвтүүлж байгаа юм. Тухайлбал, зуны улиралд эмнэлгүүд 750 ортой ажилладаг бол томуу дэгдсэн үед 100-150 ор нэмдэг. Одоо улсын хэмжээнд 1600 гаруй ор нэмж дэлгэжээ. Улсын хэмжээнд ихэнх аймаг болон Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчин идэвхжилийн шатанд байгаа. Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж эхлээгүй ч хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо эрс нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд хэллээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатид хийгдсэн 223 сорьцоор

  • Томуугийн А дэд хэв шинжийн H1N1 вирус 16.9 хувь
  • Амьсгалын замын синцитиал вирус 67.6 хувийг
  • SarS Ковид вирус 15.5 хувийг эзэлж байна. Нийт өвчлөгсдийн 80.5 хувийг 0-15 насныхан эзэлж байна. Үүний 44.7 хувь нь 0-5 насны хүүхэд.

Илрэх эмнэлзүйн шинж тэмдгүүдийн хувьд халуурах, ханиалгах, хоолой сөөх, хамраас шингэн нус гоожих, толгой, булчин өвдөх, бие сульдах, бөөлжих, суулгах шинж тэмдгүүд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *