Алдарт жүжигчин Том Круиз АНУ-ын Тэнгисийн явган цэргийн хүндэт шагнал хүртжээ


Холливудын алдарт жүжигчин Том Круз өөрийн бүтээсэн дүрүүдээрээ өндөр хувь нэмэр оруулсан хэмээн үнэлэгдэж, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн энгийн иргэдэд олгодог хүндэт шагналыг хүртсэн байна.

Том Круизын гол дүрд нь тоглосон 1986 оны “Top Gun” кино асар өндөр амжилт үзүүлсний нөлөөгөөр АНУ-ын зэвсэгт хүчинд, ялангуяа тэнгисийн явган цэрэгт элсэх залуусын тоо хэмжээ огцом өсөж байсан ажээ.

Өдгөө 62 настай жүжигчин Том Круизд хүндэт шагналыг гардуулах ёслолын арга хэмжээ мягмар гарагт Их Британийн Сюррей хот дахь Лонгкросс кино студийн байранд зохион байгуулагдсан байна. АНУ-ын Тэнгисийн явган цэргийн төрийн нарийн бичгийн дарга Карлос Дел Торо түүнд одон медаль болон дипломыг гардуулан өгсөн бөгөөд жүжигчин хүндэт шагналыг гардан авахдаа “зэвсэгт хүчинд зүтгэж байгаа бүхий л албан хаагч нарыг хүндэтгэдэг” гэдгээ онцолжээ.

Том Круиз 2022 онд гарч байсан “Top Gun” киноны хоёрдугаар анги болох “Top Gun: Maverick” кинонд мөн дэслэгч Пит Митчеллийн дүрд дахин тоглосон бөгөөд АНУ-ын Тэнгисийн явган цэргийн зүгээс зөвхөн “Top Gun” киноноос гадна “7 сарын 4-нд төрсөн”, “Цөөн сайн эрс”, “Биелэгдэшгүй даалгавар” цуврал кинонуудад бүтээсэн цэрэг болон тагнуулын дүрийг нь мөн онцолсон байна.

Том Круиз ирэх оны 5 сард дэлгэцнээ гарах “Биелэгдэшгүй даалгавар” цувралын 8 дугаар анги болох “Mission: Impossible: The Final Reckoning” киноны зураг авалт явагдаж байгаа Английн Сюррей хот дахь кино студид хүндэт шагналыг хүртсэн байна.

Түүнээс өмнө АНУ-ын Тэнгисийн явган цэргийн энэхүү хүндэт шагналыг “Цэрэг Райныг аварсан нь” киногоороо найруулагч Стивен Спилберг, жүжигчин Том Хэнкс нар хүртэж байжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *