Газын зурваст гал зогсоох яриа хэлэлцээ сүүлийн шатандаа үргэлжилж байна


Газын зурваст гал зогсоох яриа хэлэлцээ эцсийн шатандаа үргэлжилж байгаа талаар хэд хэдэн эх сурвалж мэдээлээд байна. Сүүлийн хэдэн сар гацаад байсан яриа хэлэлцээг зуучлагч АНУ, Катар, Египет улсууд эргэн сэргээж, үргэлжлүүлж эхлээд байгаа бөгөөд хэлэлцээнд шууд бус байдлаар оролцож байгаа Палестины албаны хүн BBC агентлагт өгсөн ярилцлагадаа гал зогсоох хэлэлцээ “эцсийн шийдвэрлэх шатандаа ороод байгаа” гэжээ.

Тэрээр гурван үе шаттай гэрээ байгуулагдах талаар хэлж, эхний шатанд буюу эхний 45 хоногийн хугацаанд Газын зурваст барьцаанд байгаа энгийн иргэд болон эмэгтэй цэргүүдийг суллахын зэрэгцээ Израилын цэргүүдийг хотын төв болон эргийн бүс, Египет улстай хиллэдэг бүсүүдээс гаргаж, дайжсан палестинчуудыг Газын зурвасын хойд хэсэгт буцааж авчрах механизмыг бий болгох үйл явц явагдах бол хоёр дахь шатанд үлдсэн барьцааны хүмүүсийг суллаж, Израилын цэргүүд Газын зурвасаас бүрэн гарснаар Израил-Хамасын дайныг өндөрлүүлэх гурав дахь үе шат эхэлнэ гэдгийг мэдээлжээ.

Израилын Батлан хамгаалахын сайд Израел Катц ч мөн гал зогсоох гэрээ байгуулахад тун ойртоод байгааг хэлсэн байна. Хэлэлцээнд оролцогч Израилын талын төлөөлөгчдийн баг яг одоо зуучлагч Катар улсын нийслэл Доха хотноо ажиллаж байгаа ажээ.

Эргэн сануулахад 2023 оны 10 сарын 7-ны өдөр Хамас бүлэглэлийн зүгээс Израилд гэнэт халдан довтолсны улмаас 1200 орчим хүн амь үрэгдэж, 253 хүнийг барьцаалсан ба яриа хэлэлцээ болон Израилын зэвсэгт хүчний тусгай ажиллагааны ачаар 100 гаруй барьцааны хүмүүсийг сулласан бол одоо 60 гаруй барьцааны хүн амьд байгаа гэж Израилын зэвсэгт хүчин үзэж байгаа юм.

Харин Израилын зүгээс Хамас бүлэглэлийг “газрын хөрснөөс арчина” хэмээн эхлүүлсэн энэ дайны явцад 45 мянга гаруй палестинчууд амь үрэгдээд байгаагийн дийлэнх нь энгийн иргэд, тэр дотроо хүүхэд, эмэгтэйчүүд гэдгийг Газын зурвасын Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын холбогдох агентлагийн зүгээс мэдээлээд байгаа билээ.

Түүнчлэн Израил-Хамасын дайны улмаас Газын зурвасын 2.3 сая хүн амын дийлэнх нь орон гэргүй болж, хүмүүнлэгийн тусламж хүрч очиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэний улмаас өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлээд байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялалт байгуулсны дараагаар Газын зурваст гал зогсоох яриа хэлэлцээ дахин сэргэж эхлээд байгаа бөгөөд Д.Трамп даваа гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ түүнийг тангараг өргөж, албан тушаалдаа орохоос өмнө гал зогсоох гэрээг байгуулахгүй бол “сайн зүйл болохгүй шүү” хэмээн анхааруулаад байгаа билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *