Иран улс олон улсад шүүмжлэл дагуулсан хувцаслалтын дэг журмын тухай хуулийн хэрэгжилтийг түр зогсоогоод байна. Тодруулбал энэ баасан гарагаас эхлэн хэрэгжиж эхлэхээр болоод байсан, эмэгтэйчүүдийг “битүү хувцас өмсөж, нүүрээ битүүлэх”-ийг зааж өгсөн хуулийн хэрэгжилтийг Иран улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс түр зогсоох шийдвэрийг гаргажээ. Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан энэхүү хуулийг “хоёрдмал утгатай, шинэчлэх шаардлагатай” хэмээн тодорхойлж, уг хуулийн зүйл заалтыг өөрчлөх дохиог өгөөд байна. Эргэн сануулахад охид, эмэгтэйчүүдийг үс толгой, гарын шуу, өвдөгнөөс доош биеэ далдлаагүй тохиолдолд хатуу шийтгэл ногдуулахаар зааж өгсөн энэхүү шинэ хууль дотоод, гадаадын хүний эрхийн байгууллагууд, хүний эрхийн төлөө тэмцэгч идэвхтнүүдийн хурц шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсан юм. Хуулийг удаа дараа зөрчих, энэ хуулийг доромжилж, доог тохуу хийсэн хүмүүст их хэмжээний мөнгөн торгууль тавьж, дээд тал нь 15 хүртэлх жил хорих ял оноох шийтгэлтэй ажээ. Өнгөрсөн 7 дугаар сард явагдсан Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тухайн үедээ нэр дэвшигч байсан одоогийн ерөнхийлөгч Масуд Пезешкиан энэхүү хуулийг нээлттэй шүүмжилж байсан юм. Тэрээр Ираны эмэгтэйчүүдийн хувийн амьдралд хувцаслалт гэх зэргээр оролцохгүй байх тал дээр ажиллана гэдгээ сонгуулийн сурталчилгааныхаа үеэр амлаж байжээ. Эмэгтэйчүүд толгой, нүүрээ заавал хааж зүүх ёстой гэгддэг хижаб хэмээх өмсгөлтэй холбоотойгоор Махса Амини гэх бүсгүйг ёс журмын цагдаа нар зодож, хороосон дуулиант хэрэг 2022 онд гарч, үндэсний хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байсан түүхтэй.

Гэвч өнгөрсөн 2 жилийн хугацаанд олон охид, эмэгтэйчүүд яг тийм хэргээр баригдсаар байсан бөгөөд хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногт Ираны алдартай дуучин Парасту Ахмадигийн хижаб өмсөлгүй тоглолтонд оролцож дуулсан бичлэг Youtube-д тавигдсанаар тэрээр хамтлагийн гишүүдийн хамтаар баривчлагдсаныг олон нийт эсэргүүцсэн юм. Нийгмийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас эрх баригчдын зүгээс маргааш өдөр нь дуучинг хамтлагийнх нь хамтаар сулласан байдаг. Хэдийгээр Ираны дээд удирдагч Аяатолла Али Хаменей-тэй ойр байдаг улс төрийн фракцынхан дээрх хатуу чанга хуулийн хэрэгжилтийг дэмжиж байгаа бол тус Ираны залуус эрхийг нь хязгаарласан хуулийн эсрэг байр суурь, үзэл бодлоо илэрхийлэхээсээ айж эмээхээ больж эхэлсэн байна. Шинэ төрийн тэргүүн Масуд Пезешкианыг дэмжигчид мөн энэхүү хуулийг хүчингүй болгоно гэдэгт итгэж, найдаж байгаа бол хуулийн хэрэгжилтийг дэмжигчид ерөнхийлөгчид улс төрийн дарамт, шахалт үзүүлж эхлээд байгаа ажээ.