Эрүүл мэндийн даатгалын UnitedHealthcare компанийн тэргүүн Брайн Томпсоныг ар нуруунд нь буудан хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан сэжигтнээр татан баривчилсан Луижи Манжионег дээрх хүн амины хэргийг үйлдсэн хэмээн буруутгаад байна.
Нью-Йорк мужийн шүүгч Алвин Браггын хэлснээр Луижи Манжионег нэгдүгээр зэргийн аллага болон хоёрдугаар зэргийн хоёр хүн амины хэрэгт буруутгаад байгаа гэжээ. Аллагын хэргээс гадна түүнийг мөн галт зэвсгийн болон хуурамч бичиг баримт үйлдсэн зэрэг хэргүүдэд буруутгаад байгаа юм.
Луижи Манжионег дээрх хэргүүдтэй холбогдуулан одоо саатуулж байгаа Пеннсильвани мужаас Нью-Йорк муж руу шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх шүүх хурал 19-ний пүрэв гаригт явагдах бөгөөд тэрхүү шүүх хурлын үеэр мөн түүний биедээ галт зэвсэг авч явсан хэргийн сонсгол хийгдэхээр болсон байна.
Нью-Йорк мужийн шүүгч Алвин Брагг болон мужийн цагдаагийн газрын төлөөлөгч Жессика Тиш нар мягмар гаригт зохиогдсон хэвлэлийн бага хурлын үеэр иргэд, олон нийтийн дунд Луижи Манжионегийн үйлдсэн хүн амины хэргийг магтан сайшааж, түүнийг шүтэн бишрэх явдал нэмэгдэж байгааг хурцаар шүүмжилж, “бид ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй, манай улсад аллагын хэргийг магтан дуулж, тэмдэглэдэггүй” хэмээн хэлсэн байна.
Сэжигтэн Луижи Манжионегийн хурууны хээ нь хэргийн газраас олдсон хурууны хээтэй тохирч байгааг мөн цагдаагийн төлөөлөгч Жессика Тиш мэдээлжээ. Хэрвээ шүүхээс 26 настай Луижи Манжионег дээрх хэргийг үйлдсэн гэж үзэн яллавал тэрээр хугацаанаасаа өмнө суллагдах эрхгүйгээр насаар нь хорих ял авах өндөр магадлалтай байгаа юм.