Сэтгэлд хоногшсон шинэ жилийн монгол дуунууд


Аз жаргал, баяр гуниг, амжилт бүтээлээр дүүрэн нэгэн он улирч, цоо шинэ бүхний эхлэл шинэ он ирж явна. Бидний дурсамж, хайр, амжилт бүхэнд минь хөг нэмдэг, уншигч таны сонсох дуртай дараах таван дууг хүргэж байна.

  1. “Шинэ жил ирлээ”

“Номин хөх тэнгэрээс
Цас хаялан орлоо
Нов ногоон модод
Баярын гоёлоо зүүлээ “ хэмээн дуучин Сэрчмаагийн дуулдаг “Шинэ жил ирлээ” дууг мэдэхгүй хүн ховор байх.Энэхүү дууг анх 2005 онд ая зохиогч Н.Санжаа, үгийг П.Хэрлэн бичиж дуучин С.Сэрчмаад дуулах санал тавьж байжээ. Тэрээр монголын шинэ жилийн “Топ 10” дууны нэгээр шалгарч байсан.

  1. “Хуучин он минь баяртай”

“Баяртай хуучин он минь баяртай
Дурсамж болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай
Дуу болон үлдлээ чи” гэж Чингис хаан хамталгын дуулснаар андахгүй мэднэ. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах, хамгийн нандин мөчийг 2008 онд зохиогдсоноос хойш өдгөө домог хэвээрээ байгаа юм. энэхүү дууг оюун санааны эргэлт хийж тогтсон үзлийг үгүйсгэж чадсан, гүн ухааны бүтээл болсон хэмээн олон яруу найрагчид дурдсан байдаг.

  1. Сүлд модны наадам “

“Цалин мөнгөн тэнгэртээ
Цасан угалз наадуулсан
Цагаан торгон өмсгөлдөө
Цацаг чимгээ сагсуулсан” хэмээн Ардын жүжигчин Б.Зангадын дуулж, амьдруулсан “Сүлд модны наадам дуу”. Дууны түүхээс Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад хуваалцахдаа “Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай над руу 1962 оны 12-р сарын 25-нд утасдаад “Би шинэ дуу хийсэн. Чи ирж аваарай. 12-р сарын 29-нд Монголын радиод бичлэгт орно шүү” гэсэн. Над руу тийм том хүн утасдаж, хэлж байхад нэг муу жулдрай залуу дороо л гүйгээд очно биз дээ. Тэгээд очтол надад Монголын радиогийн хөгжмийн ерөнхий редактор дууны үг өгөөд “Үүнийг хурдан сураарай. Энэ дууг симфони оркестртой дуулахгүй. Эхлээд чи төгөлдөр хууртай дуулна.Тэгээд чиний араас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын найрал дуучид хамтарч дуулна” гэж хэлсэн. Тэр үед залуу байсан болоод ч тэр үү айж, эмээнэ. Монголын радиод очиж, сургуулилт хийчихээд бичлэгийн том цонхоор харсан чинь С.Гончигсумлаа, Ж.Бадраа гуай хоёулаа ирчихсэн, дуугаа чагнах гээд зогсч байлаа. Тэгээд л ”Сүлд модны дуу”-гаа хоёр гурван удаа бичлэгт оруулаад л баталсан. Ийн Монголын радиогоор арванхоёрдугаар сарын 31-нд улс эх орон даяар цацагдаж, түгж байсан түүхтэй” хэмээж байв.

  1. “Цасан аялгуу”

“Жаргалтай, зөөлөн гунигтай
Халуухан энхрийхэн өдрүүд ээ
Дуусгамааргүй аялгуу шиг
Эгшиглэн надтайгаа энд үлдээч” энэ дуу бол дуучин Т.Ариунаагийн “Цасан аялгуу”. Шинэ он дөхөх тусам хүн бүрийн сонсох дуртай дууны нэг билээ. Энэ дууны үгийг Ц.Хулан, аяыг Ц.Чулуунбат нар зохиосон байдаг. 2021 онд Дуучин Т.Ариунаа, реппер Thunder-тай хамтран өөрийн “Цасан аялгуу” дууг шинэчлэн дуулсан.

  1. “Цагаан шөнө”

“Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд
Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан
Сэтгэл хүртэл нэг л хачин тайван жаргалтай
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан амгалан” хэмээн үзэгчдийн дуулах дуртай дуу бол Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяагийн “Цагаан шөнө” дуу.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *