Төгрөгийн хадгаламж 5.2 их наяд төгрөгөөр өсчээ


Үндэсний статистикийн хорооноос өчигдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 11 сарын үзүүлэлтийг танилцуулав.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсчээ. Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 7.2 хувь, баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 21.4 хувь, хангай болон төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 9.1 хувь, баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 9.5 хувиар тус тус өссөн байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны гуравдугаар улирлын байдлаар 2479.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 470.3 мянган төгрөгөөр нэмэгджээ. Тухайлбал, энэ оны гуравдугаар улиралд ажилтнуудын дундаж цалингийн нэрлэсэн индекс дөрвөн жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн байна. Гэвч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 38.8 хувиар өсчээ. Уул уурхай, олборлолтын салбарт ажиллаж буй хүмүүсийн дундаж цалин 5.2 сая төгрөг бол үйлчилгээний салбарынхан 1.6 сая төгрөг буюу хамгийн бага цалинтайд тооцогдож байна.

Ажилтнуудын сарын дундаж цалинг байгууллагын хариуцлагын хэлбэрээр харвал хамгийн өндөр нь төрийн өмчит компаниудынх байна. Тухайлбал, төрийн өмчит компанийн ажилтнуудын сарын дундаж цалин гурван сая төгрөг байгаа ажээ.

ҮСХ-ноос мэдээлснээр, оны эхний 11 сарын байдлаар нийт татварын орлогод эзлэх НӨАТ-ын орлого буурсан байна. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны арваннэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөгт хүрчээ. Мөн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 26.1 их наяд төгрөгт хүрч, 5.4 их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Орлогын бүтцийг харвал, нийт татварын орлогын 32.3 хувийг Орлогын албан татвар, 21.2 хувийг НӨАТ, 17.0 хувийг нийгмийн даатгалын орлого, 6.7 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 4. 2 хувийг Онцгой албан татварын орлого, 18. 6 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлжээ.

Мөнгөний нийлүүлэлт арваннэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.1 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд төгрөгийн хадгаламж 5.2 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.6 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Д.Эрдэнэ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *