Оросын Курскийн бүсэд Украины эсрэг дайтаж байгаа Умард Солонгосын цэргүүд амь үрэгдсэн талаар АНУ-ын зүгээс мэдээлсэн байна. Даваа гаригт Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Пэт Райдер сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ “бид Курскийн бүс нутгаар Оросын цэргүүдтэй хамт Украины эсрэг тулалдаж байгаа Умард Солонгосын цэргүүд амь үрэгдэж, мөн шархдсан гэж үзэж байгаа” гэжээ. Тэрээр Умард Солонгосын хичнээн тооны цэрэг амиа алдсан талаар тодорхой мэдээлэл хийгээгүй ч Умард Солонгосын цэргүүдийг долоо хоног гаруйн өмнөөс тулаанд оролцож эхэлсэн хэмээн хэлсэн байна. Мөн Умард Солонгосын цэргүүдийг явган тулаанд ашиглаж байгаа гэдгийг мэдээлжээ.
Энэхүү мэдээллийн үнэн зөв эсэх нь батлагдаагүй байгаа ч хэрвээ АНУ-ын мэдээлэл үнэн бол өнгөрсөн 10 дугаар сард ОХУ-д дайчлагдан ирсэн гэгдэж байсан 10 мянган орчим Умард Солонгосын цэргүүд эхнээсээ амь үрэгдэж эхэлсэн байна. Украины ГУР цэргийн тагнуулын албаны зүгээс өнгөрсөн амралтын өдрүүдээр өрнөсөн тулаанд хамгийн багадаа 30 Умард Солонгосын цэрэг амиа алдсан гэж мэдээлжээ. Тодруулбал өнгөрсөн бямба, ням гаригуудад Курскийн бүсийн Плехово, Воробжа, Мартиновка тосгонуудын дэргэд өрнөсөн тулааны үеэр Умард Солонгосын цэргүүд амь үрэгдсэн хэмээн мэдээлсэн байна.
Даваа гаригт мөн Украины ерөнхийлөгч В.Зеленский өөрийн Telegram хуудсанд дроны бичлэг оруулж, бичлэг дээр гарч байгаа модны цаагуур нуугдах олон тооны цэргүүдийг Умард Солонгосын цэргүүд хэмээн мэдээлсэн. Мөн тэрээр Украины зэвсэгт хүчин болон тагнуулын байгууллагууд Оросын талд дайтаж байгаа Умард Солонгосын цэргүүдийн хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа гээд, “энэ дайнд нэг ч Умард Солонгос хүн үхэх ёсгүй юм” хэмээн нэмж хэлсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас одоогоор Умард Солонгос цэргүүдийн хохирлын талаар ямар нэгэн тайлбар мэдээлэл хийгээгүй байна.