Өчигдөр Спортын төв ордонд 2024-2025 оны Волейболын Дээд лигийн хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолт болж өнгөрлөө. Энэ өдрийн оргил тоглолт “Хасу Мегастарс” болон “SG Hawks” багуудын хооронд болсон. Лиг эхэлснээс хойш нэг ч хожигдолгүй 11 дараалан хожиж, хүснэгтийг тэргүүлж байсан Hawks багийн хожлын цувралыг “ХасуМегастарс” баг зогсоов.
Хоёр багийн тоглолтын эхний сетийг “ХасуМегастарс” баг авсан бол хоёрдугаар үед “Hawks” 10 оноогоор тэргүүлж 25:15 харьцаагаар тоглолтыг тэнцүүлсэн. Харин гуравдугаар сетийн тоглолтод 28:26 аар өндөрлөж Хасу тэргүүлсэн ч “Hawks” 4 дэх сетийн тоглолтод хожиж хоёр багийн тоглолт 5 дахь ээлжээр шийдэгдэх нь тодорхой болов.
Ингээд шийдвэрлэх ээлжийн тоглолтод ХасуМегастарс баг тоглолтыг гартаа авч 15:9 харьцаагаар хүчтэй өрсөлдөгчөө хожиж, Hawks-ын 11 дараалсан хожлын цувралыг зогсоолоо. Ийн тус хоёр баг 11 хожил, 1 хожигдолтой 32 оноотой болж байна.
Хэрэв энэ тоглолтод “Hawks” хожсон бол “Дээд лиг”-т хамгийн олон дараалан хожсон баг болох байсан юм.
5 ээлжийн гал гарсан тоглолтод ХасуМегастарсаас Сүхээгийн Нямсүх 29 оноо авч багаа өнгөлсөн бол SG Hawks-аас Баттөрийн Батсуурь 31 оноо авч тоглогчдыг тэргүүлэв.