Явж байгаа галт тэрэгнээс вагон салгах хэрэгтэй байна
Евразийн эдийн засгийн холбооноос Монгол Улсыг, Улаанбаатараас Москваг зорьсон галт тэрэг хэдийнэ хөдөлжээ. Одоо түүнийг зогсоох, буцаах, замаас нь вагон нэмэх, хасах боломжгүй болсон байна. Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг манай улс 2020 оноос судалж, 2024 оны 5-р сард Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн хурлын дараа буюу УИХ-ын сонгуулийн өмнө албан ёсоор хэлэлцээ хийж эхэлжээ. Үүнийгээ одоо Шинэ жилийн баяраас өмнө баталж, 2025 оны 1-р сараас мөрдөж эхэлнэ. Энэ бол 4 жил аялсан галт тэрэг эцсийн зогсоолдоо хүрэх гэж байгаа хэрэг юм.
Ийм галт тэрэг аялалд гарсныг, хоёр талаас өөд өөдөө угталцан хөдөлснийг мэдсэн хүмүүс чимээгүйхэн замыг нь тавьсаар, урагшлуулсаар өнөөдрийг хүргэжээ. Уг галт тэрэг эцсийн зогсоолдоо хүрэхэд ердөө 15 хоног л үлдэв. Үүнийг үндэсний үйлдвэрлэгчид одоо л мэдэж, уг галт тэргийг зогсоох, буцаах, эсвэл вагон нэмэхийг шаардаж буй ч тийм боломж үлдсэнгүй. Одоо энэ хэлэлцээрийн төслийг Засгийн газар хэлэлцээд, УИХ-аар батлуулах л үлдлээ.
ЕЭЗХ-той манай улс Дэлхийн Гаалийн Байгууллагаас 1983 онд баталсан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн тухай олон улсын конвенцын дагуу ижил тооны буюу 375 төрлийн барааг татвараас чөлөөлөхөөр тохирчээ. Уг конвенцоор барааг 6 оронтой тоогоор кодолдог. Үүнийг Монголын 8 оронтой код руу хөрвүүлэхэд Монгол Улсаас 633 нэр төрлийн бараа гаргаж, ЕЭЗХ-оос 511 нэр төрлийн бараа авна.
2023 онд манай улс ОХУ руу 8 оронтой кодоор бол 494 нэр төрлийн бараа гаргаж, ОХУ-аас 1746 нэр төрлийн бараа оруулж иржээ. Дараа жил ч ийм хэмжээний бараа авна гэж тооцвол Монголын компаниуд гаалийн албан татварт жилд дунджаар 16.6 сая ам.доллар төлөхгүй болох ажээ.
Монголд үйлдвэрлэдэг барааг ЕЭЗХ-ноос оруулж ирэх гэж байна
Дотооддоо юу ч үйлдвэрлэхгүй бол юу болохыг цар тахлын үеэр манай эрх баригчид нүдээрээ харсан. Түүнээсээ сургамж авч, дотоодын үйлдвэрүүдийг хөгжүүлэх зорилго тавин, УИХ 2022.06.17-нд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол гаргасан юм. Уг тогтоолд тусгасан, үндэсний үйлдвэрүүдээ хамгаалах бодлогын нэг нь тарифын аргаар гадаадын бараа бүтээгдэхүүнийг хязгаарлах тухай байв. Одоо гэтэл үүнийхээ эсрэг юм хийгээд явж байна.
Дээрх тогтоолын дагуу ХХААХҮЯ гадаадаас авдаг 63 нэр төрлийн барааны гаалийн тарифыг үе шаттай нэмэх санал гаргажээ. Тус саналд тусгасан 63 барааны 16 нь ЕЭЗХ-ноос гаалийн татваргүй оруулж ирэх барааны жагсаалтад багтчихсан байх юм. Үүнд:
1.Улаанбуудай,
2.Тэжээлийн ургамал,
3. Хүнсний ногоо,
4.Төмс,
5.Жимс, жимсгэнэ,
6.Гахайн мах,
7.Тахианы мах,
8.Сүү, хуурай сүү,
9.Хүнсний давс,
10.Ургамлын тос,
11.Элсэн чихэр,
12.Өндөг,
13.Гурилан бүтээгдэхүүн,
14.Чихрийн манжин,
15.Цөцгийн тос,
16. Зөгийн бал
Гадаадын үйлдвэрлэгчдээс хамгаална гэсэн бараагаа одоо хамгаалахгүй гээд сууж байна гэсэн үг. Эдгээр бүтээгдэхүүнийг монголчууд дотооддоо үйлдвэрлэж, өөрсдийнхөө хэрэгцээг хангах зорилт тухайн үед тавьсан атлаа ХХААХҮЯ дээрх 16 бараанаас зөвхөн улаанбуудай, хуурай сүү, өндөг, малын тэжээлийг хасаж, бусдыг нь ЕЭЗХ-ноос татваргүй оруулж ирэхийг зөвшөөрчээ. ХХААХҮЯ 2-хон жилийн дотор ингэж холбирсон байх юм.
ХХААХҮЯ-ны хүсэлтээр ЭЗХЯ улаанбуудай, хуурай сүү, өндөг, малын тэжээлийг ЕЭЗХ-ноос татваргүй экспортлох барааны жагсаалтаас хасах гэсэн ч чадсангүй. Гэвч галт тэрэг хэдийнэ хөдөлчихсөн байлаа. Тус холбоо “Явж байгаа галт тэрэгний цуваанаас вагон хасах боломжгүй” гэсэн утгатай хариу манайд өгчээ. Ингээд бид өөрсдөө үйлдвэрлэж чаддаг бараагаа гадаадаас авч, үндэсний үйлдвэрүүдийнхээ үүдийг хаах болчхоод байна.
Мэдээллээ сайн өгч, саналыг нь нэгбүрчлэн авч, жагсаалтаа яг таг болгосны дараа галт тэргээ хөдөлгөөгүй нь Монголын Засгийн Газрын буруу. Бүгдийг нууж, бүхнийг далдуур хийж сурсан хулгайч зангаараа энэ гэрээнд хандсан. Түүнийхээ гороор үндэсний үйлдвэрлэлээ, эдийн засгаа боомилох нь.
“Хүнсний хувьсгал”-ыг Оросын бараагаар дарна
Манай улс “Атар 3” аян өрнүүлж байж улаанбуудай, төмсөөр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болсон. Нарийн ногоог эс тооцвол хүнсний ногоог ч тэр бүр гадаадаас авдаггүй болчихсон. Элсэн чихэр, чихрийн манжингаас бусдыг нь гадаадаас авах хэрэгцээ нэг их байхгүй. Сүү, зөгийн бал, жимсээр ч дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаар “Хүнсний хувьсгал” аян өрнүүлж буй. Гэтэл тус аяны зорилтод багтсан сүү, өндөг, зөгийн бал, төмс, байцаа, лууван, манжин, чихэртэй ус, ундаа, шүүс зэрэг олон барааг бас л ЕЭЗХ-ноос татваргүй оруулж ирэхээр болчхож. “Хүнсний хувьсгал”-ыг чинь Оросын бараагаар дарах гэж байна даа, Ерөнхийлөгч өө! Энэ удаагийн хувьсгалыг ялалтаар бус, ялагдлаар дуусгах болж байх шиг.
Гэтэл манай улс яг ийм бараагаа тус бүс рүү гаргахыг хүсэж, татваргүй гаргах барааныхаа жагсаалтад оруулчихсан байна. Яг адилхан бараагаа ингэж бие биедээ өгөхийг хүсэж байгаа ч хэн нь авах бол? Манайхан л өөртөө байгаа барааг тэднээс авч таарна л даа. Учир нь тэд бидэнд хамаагүй хямд зарна. Бид хямд барааг л авна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд 6800 төгрөгийн сүү авахгүй. Бидэнд тийм эх оронч сэтгэлгээ байхгүй. 5800-гийн орос сүүг авна. Монгол бараа ийм нөхцөлд орос бараатай өрсөлдөж чадах юм уу? Ээ дээ, чадахгүй учраас л үндэсний үйлдвэрлэгчид ЕЭЗХ-той чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг, тэр тусмаа дотооддоо үйлдвэрлэдэг барааг тэднээс авахыг эсэргүүцээд байгаа шүү дээ. Өрсөлдөж чадах байсан бол “Хүрээд ир. Хүчээ үзье” л гэнэ биз дээ.
ЕЭЗХ-ноос Монголд татваргүй оруулах 511 нэр төрлийн бараанаас 100-г хасуулахыг үндэсний үйлдвэрлэгчид хүсэж байна. Гэвч тэд хасахгүй, бид хасуулж чадахгүй нь. Галт тэрэгний хөдөлгөөн дунд вагон салгахыг киноноос л хардаг монголчууд амьдрал дээр салгаж чадахгүй л байна даа. Үнэхээр чадахгүй байгаа юм уу, хулчийгаад байгаа юм уу? Сэмхэн цагаан туг өргөчихсөнөө олон нийтээс нуугаад байгаа юм биш үү!