Алдаж хаширдаггүй, алдаагаа засдаггүй Монгол


95:5-аар Монгол хожигдож явна

Манай улс одоо ЕЭЗХ-ны гишүүн 5 улстай 95:5 гэсэн харьцаатай худалдаа хийж байна. Бид тэднээс 95 хувийн бараа авч, 5 хувийн бараа өгч байгаа юм. Гадаад худалдаа гэдэг тоглоомын Евразийн эдийн засгийн холбоотой хийж буй тоглолтод Монгол Улс 95:5-аар хожигдож явна.

Манай улс 2023 онд эдгээр 5 улстай нийт 2.6 тэрбум ам.долларын бараа наймаалцжээ. Бид 2.5 тэрбумын барааг тэднээс авч, 143 сая ам.долларын бараагаа тэдэнд зарсан байна. 5 улстай хийж буй худалдаа учир 5:1 гэсэн харьцаатай байвал эн тэнцүү, харилцан ашигтай наймаа гэж үзэх сэн. Гэтэл илт тэнцвэргүй наймаа хийж байна. Түүн дундаа ОХУ энэ наймааны 95.5 хувийг дангаар эзэгнэж, 2.9 хувийг Казахстан, 1.3 хувийг Беларусь, 0.3 хувийг Киргиз, 0.03 хувийг Армени бүрдүүлжээ.

Ширээн дээгүүр гар бариад, ширээн доогуур…

Засгийн газар үүнийг шударга болгож, Монголоос экспортлох барааны нэр төрөл, хэмжээг нэмнэ гэж олон нийтийг ятгаж байна. ОХУ-ын гаалийн татвар дэндүү өндөр. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд 15-50 хувийн татвар гааль дээр оноодог. Ийм татвар төлсний дараа бараа, түүхий эдээ ОХУ-ын зах зээлд ямар үнээр зарах вэ? Ийм хэмжээгээр барааныхаа үнийг нэмэх болно шүү дээ. Энэ саадыг арилгана гэж ЭЗХЯ амлаж байгаа ч ам, ажил хоёр алд дэлэм зөрөхийг алийг гэх вэ. Тэр тусмаа манай улстөрчдийнх.

Учир нь ОХУ өөрөө хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ өргөжүүлж, Монголтой хил залгаа бүс нутгууддаа ноос, ноолуурын чиглэлийн хонь, ямаа үржүүлж байна. Энэ бол Монголоос ноос, ноолуур, мах, сүү, арьс шир, өлөн гэдэс авахгүй гэсэн бодлого. Тэд энэ бодлогоо хэрэгжүүлнэ. Ямар Монгол биш.

Тийм ч учраас ОХУ одоо ч Монголоос авах мах, махан бүтээгдэхүүндээ квот тогтоож, маш багыг авдаг. Энэ бол “Танайхаас амсах төдийг авъя. Бид удахгүй мах, хиамаараа өөрсдийнхөө хэрэгцээг хангана” гэсэн үг. Тэгэхээр тэд чөлөөт, хаалттай ямар ч гэрээ хийсэн ч Монголоос малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн авахгүй. Авахгүй учраас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдэд зориуд маш өндөр шаардлага тавьдаг. Яг л Япон шиг. Монголын үйлдвэрлэгчид Японы стандартын шаардлагыг хангаж чаддаггүй шигээ Оросын техникийн шалгуурыг биелүүлж дөнгөдөггүй.

Тэд энэ мэтчилэн тарифын бус аргаар саад хийн, Монголын бараа бүтээгдэхүүнийг авдаггүй. Энэ бол ширээн дээр гар бариад, ширээн доогуур салаавч өгч буйтай адил хэрэг. Үүн дээр оросуудын хүнд суртлыг ярих юм биш. Тийшээ нэг бараа гаргах гэж 4-6 сар хөөцөлдөөд, арайхийж гэрчилгээ автал ганцхан жилийн хугацаатай олгодог тухай бизнес эрхлэгчид гомдоллодог. Жилийн дараа дахиад л бичиг цаасаа бариад, оросуудын хаалга татна гэсэн үг.

Болоо юм биш үү!

ЕЭЗХ-той чөлөөт худалдааны гэрээ байгуулах судалгааг ЭЗХЯ “Дэлхийн худалдааны анализ” төслийн (GTAP) ерөнхий тэнцвэрийн 2023 оны 11С дата загвараар хийжээ. Үүнд Дэлхийн 141 улс, 19 бүс нутгийн улс хоорондын худалдаа, тээвэр, тарифын хамгаалалт зэрэг мэдээлэл байдаг аж. Олон улсын худалдаа, түүний үр нөлөөг тооцоход үүнийг ашигладаг ажээ.

Үүгээр бол бараа бүтээгдэхүүний үнээс импортын татвар харагдсанаар Монголд үнэ хямдарч, эрэлт нэмэгдэх юм. Тэгнэ л дээ. Гэхдээ нэг хэсэгтээ л тэгнэ. Жишээ татъя. 1, 2 литрийн тетрапак савлагаатай орос ундааны үнэ хямдарч, монгол ундаатай адил болбол “Орос бараа чанартай” гэж итгэдэг монголчууд орос ундааг л авна. Одоохондоо үнэ хямдыг нь хараад, монгол ундаагаа авч байгаа олон хүн бий. Тэднийг дотоодын ундааны үйлдвэрүүд алдаж, үүдээ барих цагт оросууд ундааныхаа үнийг дураараа нэмнэ. Ийм л юм болно.

Хүчирхэг улсууд хөгжиж буй орны үйлдвэрүүдийг ийм аргаар хааж, зах зээл дээр нь ноёрхлоо тогтоодог. Дотооддоо юу ч үйлдвэрлэдэггүй улс энхийн цагт гадаадаас бүх юмаа аваад байж болох ч дайн, гамшиг гэх мэт аюул нүүрлэхэд турж үхэхдээ тулдаг. Үүнийг ковидоос үүдэлтэй цар тахлын үеэр Монгол даяараа мэдэрлээ. Болоо юм биш үү!

Өмнөх алдаагаа давтаж байна

Экспорт талдаа Орост монгол бараа хямдарч, оросууд манай бүтээгдэхүүнийг худалдаж авдаг болох юм гэнэ л дээ. Үүн дундаа оросуудын хамгийн их худалдаж авах бараагаар мах, махан бүтээгдэхүүнийг нэрлэжээ. Хойд хөршид зарах мах, махан бүтээгдэхүүний хэмжээ 140% нэмэгдэх тооцоо гаргасан байна. Сэрчихгүй л бол сайхан зүүд санж. ОХУ руу гаргах мах, дайвар бүтээгдэхүүн 125.8%, нэхмэл эдлэл 55.55%, савхин эдлэл 50.5% өсөх гэнэ. Казахстанд зарах мах, дайвар бүтээгдэхүүн 113.8%, нэхмэл эдлэл 27%, савхин эдлэл 159.9% нэмэгдэнэ гэж төсөөлжээ. Эрдэс баялгийн экспорт ОХУ руу 17%, Беларусь руу 18.7% нэмэгдэнэ гэж уг судалгааны хариу “хэлсэн” байна. Үнэн болов уу? Ирээдүйг хэн ч мэдэхгүй. Гэхдээ харьцуулж үзэх арга бий.

Мэддэгээрээ Японтой харьцуулах боломжтой. Чөлөөт худалдааны хүчин төгөлдөр хэлэлцээртэй ганц улс маань Япон. Манай улс 2016 онд тус улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахдаа нүдэн балай чихэн дүлий ханджээ. Түүнийхээ горыг одоо амсаж байна. Үүнээсээ сургамж авалгүй, ЕЭЗХ-той ямар ч бэлтгэлгүйгээр ийм хэлэлцээ хийж байх ч гэж. “Японы зах зээлд гарахад Монголын үйлдвэрлэгчид бэлэн эсэх, тэнд аваачиж зарах бараа байгаа эсэх, дотоодынхоо аль салбарыг дэмжвэл гадаад худалдааны алдагдал багасахыг тооцоогүй нь алдаа болсон” гэж уг гэрээг одоо эдийн засагчид дүгнэдэг. Одоо яг энэ алдаагаа давтаж байна.

Зорилгоо биелүүлээгүй энэ гэрээнийхээ балгаар жил бүр алдагдалтай наймаа хийж байна. Өнгөрсөн жил гэхэд 702 сая ам.долларын алдагдал хүлээлээ

Гадаадын хашир улсууд чөлөөт худалдааны гэрээ байгуулахдаа 5-10 жил бэлтгэдэг ажээ. Гэтэл манай улс 2 жил хам хум яриад, Японтой хэлэлцээрт гарын үсэг зурчихсан. ЕЭЗХ-той бас л 2022 оноос хойш 2 жил ярьсан болоод л ширээний ард суучихлаа. Ямар ч бэлтгэлгүйгээр шүү. Өмнөх түүхээ давтаж, урьдын алдаагаа дахиж гаргаад байна.

Япончууд манайхтай чөлөөт худалдааны гэрээ байгуулахдаа эрчим хүч, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах, бүтээн байгуулалт хийхэд тулгарч буй хориг саадыг хөнгөлөхийг хүссэн байдаг. Түүнийг нь манай улс бүрдүүлж өгөөгүй. Тэгээд одоо түгжрэл дундаа таг гацаж, утаандаа угаартан, лааны гэрэлд тэмтчиж явна. Манайх харин эрдэс баялгаа Японд аваачиж, боловсруулахыг зорьсон байдаг. Тус улстай яаран чөлөөт худалдааны гэрээ байгуулсан нь ийм учиртай. Тэгээд түүнийгээ хэрэгжүүлээгүй. Зорилгоо биелүүлээгүй энэ гэрээнийхээ балгаар жил бүр алдагдалтай наймаа хийж байна. Өнгөрсөн жил гэхэд 702 сая ам.долларын алдагдал хүлээлээ.

Тухайн үед Японтой гэрээ байгуулбал гадаад худалдаа бараг 50% нэмэгдэнэ гэж Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал 2007.09.13-нд “Зүүн хойд Азийн чөлөөт худалдааны гэрээ ба Монгол” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр танилцуулжээ. Одоо тэгтэл ЕЭЗХ-той гэрээ байгуулбал тус бүс рүү гаргах мах, махан бүтээгдэхүүний хэмжээ 140% нэмэгдэх тооцоо гаргачихсан байх шиг. Үнэхээр тэгэх үү? Японтой хийсэн өмнөх гэрээтэй харьцуулбал, тийм найдвар ер алга.  

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *