АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр буурууллаа


АНУ-ын Холбооны Нөөцийн сан бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулж, 4.25-4.5 хувийн түвшинд хүргэх шийдвэрийг гаргаснаа төв банкны тэргүүн Жером Пауэлл лхагва гаригт Вашингтон хотноо зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулжээ.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлогын хурал 12-р сарын 18-нд өндөрлөж, холбооны сангийн хүүгийн зорилтот хүрээг 25 суурь нэгжээр бууруулах буюу 4.25-4.50-д хүргэнэ гэж зарласан бөгөөд 2025 онд хүүг бууруулах хэмжээг 50 суурь нэгж хүртэл хумих төлөвтэй байна.  

Холбооны Нөөцийн сан энэ оны 9-р сараас хойш бодлогын хүүг гурав дахь удаагаа бууруулж байгаа нь энэ боловч 2025 онд бодлогын хүүг бууруулах хурдаа сааруулж, зах зээлийн төсөөлснөөс цөөн тоогоор хүүгээ бууруулах дохиог өгөөд байна.

Лхагва гарагийн мэдэгдэлд мөн АНУ-ын эдийн засаг тогтвортой тэлэх хандлагатай байгааг, энэ оны эхээс хөдөлмөрийн зах зээлийн хурцадмал байдал ерөнхийдөө буурч, ажилгүйдлийн түвшин өссөн ч бага хэвээр байгааг онцолж, инфляцын урт хугацааны зорилтот 2 хувьд ахиц гарч байгаа ч инфляцын хэмжээ өндөр байгааг тодотгожээ.

Өчигдөр мөн АНУ-ын Холбооны нөөцийн сан дотоодын эдийн засгийн төлөвөө нийтэлж, АНУ-ын эдийн засаг энэ жил 2.5 хувь, ирэх 2025 онд 2.1 хувиар өснө гэж төсөөлсөн нь өнгөрсөн 9-р сарын таамаглалтай харьцуулахад 0.5 болон 0.1 нэгжээр тус тус өссөн гарчээ.

Энэ удаагийн Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүг бууруулах шийдвэр ерөнхийлөгч Ж.Байден Цагаан ордныг орхиж явахаас өмнөх сүүлчийн шийдвэр болон гарч байна. Харин төрийн тэргүүнээр сонгогдсон Д.Трампын санал болгож байгаа мөнгөний бодлого нэлээд тодорхойгүй байдлыг бий болгоод байгаа юм. Тэрээр дотоодын төрөл бүрийн татварыг бууруулж, эсрэгээрээ импортын тарифыг нэмэгдүүлэхээ амлаад байгаа ч Трампын энэхүү бодлогыг шинжээчид инфляцыг ахиад өсгөх болно хэмээн анхаруулж байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *