Мягмар гаригийн өглөө Москва хотын Рязанскийн гудамжин дахь нэгэн орон сууцны барилгын үүдэнд тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтэд өртөж амиа алдсан ОХУ-ын Цөмийн, биологийн, химийн зэвсэгт хүчний дарга, дэслэгч генерал Игорь Кириллов болон түүний туслах Илья Поликарповын аллагын хэрэгтэй холбогдуулан 1995 онд төрсөн, 29 настай Узбекистан улсын иргэнийг баривчилжээ.

ОХУ-ын Мөрдөн шалгах хорооны зүгээс мэдэгдсэнээр Украины тусгай хүчнийхэн сэжигтэнг дээрх аллагын хэргийг үйлдүүлэхийн тулд элсүүлж авсан болохыг мэдүүлэгтээ хүлээсэн гэжээ. Баривчлагдан саатуулагдаж байгаа узбек эрэгтэйн хэн болох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хийгээгүй байна.
Гэхдээ Мөрдөн шалгах хорооны мэдэгдэлд Украины Днепрь хот дахь аллагын хэргийг зохион байгуулагч нарт дэлбэрэлтийг үзүүлэхийн тулд узбек эр машин түрээсэлж, тэрхүү машин дотор видео камер суурилуулж, халдлагын дүрсийг интернетээр шууд дамжуулсан талаар дурьджээ.
Түүнчлэн ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны зүгээс сэжигтэнг байцааж буй дүрс бичлэгийг олон нийтэд дэлгэн цацсан байна. Хар үстэй, өмссөн хүрэм нь урагдсан, гавлуулсан эрэгтэй камер луу харан ярьж байгаа уг дүрс бичлэгт тэрээр Кирилловыг хороовол Европ пасспорт болон 100 мянган ам.долларын шагнал амласан хэмээн орос хэлээр ярьсан байна. Мөн түүнийг Украины зүгээс өгсөн даалгавар зааварчилгааны дагуу Москва-д ирэнгүүтээ гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгийг хүлээж авсан гэдгийг Холбооны аюулгүй байдлын албанаас нэмж мэдээлжээ. Сэжигтнээс дээрх мэдүүлгийг ямар нэгэн хүч хэрэглэн, албадан авсан эсэх нь тодорхойгүй байгаа талаар BBC агентлаг мэдээлсэн юм.

Дэслэгч генералын амьдардаг байрны үүдэнд тавьсан цахилгаан скүүтерт байршуулсан тэсрэх бөмбөгийг алсын удирдлагаар идэвхжүүлэн дэлбэлсэн энэхүү аллагын хэргийг үйлдсэн гэдгээ Украины аюулгүй албаны СБУ байгууллагын зүнээс мэдэгдсэн бөгөөд дэслэгч генерал Игорь Кириллов агсныг дайны гэмт хэрэг үйлдсэн, хүн ардыг олноор нь химийн зэвсгээр хордуулсан хэмээн буруутгасан ажээ.
Москва-гийн зүгээс И.Кирилловыг дайны гэмт хэрэгт буруутгасан явдлыг няцаасан юм. Түүнчлэн түүнийг харамсалтайгаар амиа алдсан явдалд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин гүнээ эмгэнэн харамсч байгаа талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгдсэн байна.
Лхагва гаригт мөн ОХУ-ын Гадаад хэргийн яамны зүгээс И.Кирилловын аллагын хэргийн асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн баасан гаригийн хуралдаан дээр гарган тавих болно гэдгээ мэдэгдлээ. ОХУ-ын эрх баригчдын зүгээс энэхүү аллагын хэрэгт оролцсон буруутнуудыг олж, шийтгэх болно гэсэн байна.