Электрон тамхины орц найрлага болон манай улсад импортлох, худалдаалах эрх зүйн орчны талаар Гаалийн төв лабораторийн шинжээч, улсын ахлах байцаагч Б.Мөнхцацрал ийн сэрэмжлүүллээ. Монгол Улс давхардсан тоогоор 296 нэр төрлийн электрон тамхи импортолсон байна.
Электрон тамхийг 2003-2008 онд Хятадын эмзүйч Хон Лик зохион бүтээжээ. Энэ тамхи зайны бүрэлдэхүүн хэсгээс гадна шингэний уусмал бүхий зэвэрдэггүй гангаар хийсэн халагч хэсгүүдээс бүрдэнэ. Төхөөрөмжийг ажиллуулах үед зай нь халагч хэсгийг 318 С хүртэл халааж, тэр нь шингэнийг ууршуулж, хүний амьсгалаар гарах манан хэлбэрээр ялгаруулдаг.
Никотин бол байгалийн гаралтай алкалоид бөгөөд маш хүчтэй донтуулагч бодис. Янжуур тамхинд агуулагдах никотины зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь MNS 5024:2013 стандартын дагуу 1,3 мг байдаг (Жишээ нь: ESSE Change 0.3мг, Parliament 0,8мг). Харин зарим электрон тамхинд энэ үзүүлэлт 25-100 мг байна. Электрон тамхины үндсэн найрлага болох Glycerol болон Propylene glycol нь чихэрлэг амттай, өнгөгүй шингэн. Үүниыг хүнс, эм, интертаймент үйлдвэрлэл гэх мэтээр маш өргөн хэрэглэдэг. Гэвч эдгээр бодис 215 -аас дээш хэмд халахаараа хүний биед хавдар үүсгэдэг Formaldehyde, Acetaldehyde, Acrolein болж задардаг.
Дэлхийн тамхины хяналтын төв байгууллагаас 2022 онд гаргасан судалгаагаар 37 улс электрон тамхи худалдахыг хоригложээ. Австри, Бельги, Канад, Ирланд, Итали, БНСУ, Норвеги зэрэг 73 улс худалдахыг зөвшөөрч байгаа ч борлуулах газар, нас, цаг зэргийг журамласан байдаг.
Монгол Улс Тамхины хяналтын тухай хуулиа 2005 онд шинэчлэн баталж, 2012, 2015, 2019, 2022, 2023 онд тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан ч электрон тамхины тухай заалт тусгагдаагүй байна.