Марвел студи “Хар ирвэс 3” киног албан ёсоор хийхээр болсон талаар кино мэдээллийн Deadline вебсайт мэдээлжээ.
Дээрх мэдээлэлд Марвел студийн тэргүүн нар болох Кевин Файги, Луис Деспосито нар “Хар ирвэс” киноны гуравдугаар ангийн продакшны ажил эхэлсэн гэдгийг мэдэгдсэн байна. Мөн тэд Марвел студийн гүйцэтгэх захирал Нэйт Мурыг 2025 онд “Хар ирвэс 3” кинонд ажилласныхаа дараагаар Марвелыг орхихоор болсныг зарлаж, студид оруулсан түүний хувь нэмрийг үнэлээд баршгүй гэдгийг онцолжээ.
Хэдийгээр кино продюсер Нэйт Мур Marvel-ыг орхиж гарах шийдвэр гаргасан ч Marvel-ийн кино төслүүдэд хамтран ажилласаар байх болно гэдгээ мөн хэлсэн байна.
2020 онд бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн жүжигчин Чэдвик Боузмены бүтээсэн “Хар ирвэс” хэмээх супербаатрын дүр анх Марвелын 2016 оны “Ахмад Америк: Иргэний дайн” кинонд орж ирж байсан бөгөөд дараа нь 2018 онд “Хар ирвэс”, 2022 онд “Хар ирвэс: Ваканда үүрд” гэсэн хоёр бүрэн хэмжээний кино бүтээгдсэн байдгийг кино сонирхогчид маань сайн мэдэх билээ.
Өнгөт арьст америкчуудын дунд хит болсон “Хар ирвэс” цувралын эхний анги дэлхийн хэмжээнд $1.3 тэрбумын орлого олж, Америкийн кино академийн шагналд 7 төрөлд нэр дэвшсэнээс нь 3 төрөлд Оскарын шагнал хүртэж байсан бол хоёрдугаар анги нь дэлхийн хэмжээнд $859 саяын орлого олж байсан юм. Марвелын кинонуудын дундаас ашиг орлогын хувьд үзүүлэлт өндөртэй учраас “Хар ирвэс”-ийн гуравдугаар анги хийгдэх нь цаг хугацааны асуудал байсан гэж хэлж болно.
Гэхдээ киноны продакшны ажил дөнгөж эхлэлийн шатандаа явж байгаа учраас одоогийн байдлаар “Хар ирвэс 3”-ын үйл явдал, жүжигчдийн нэрс, киноны нэр лого ч тодорхой болоогүй байгаа ажээ.