Эрчим хүчний реформ хийх шаардлага манай улсад байгаа юу гэвэл байгаа. Энэ өөрчлөлтийг олон нийт нэгэн дуугаар дэмжсэн. Харин олон нийтийн энэхүү дэмжлэгийг засагт хамтарсан ХҮН намын дарга Т.Доржханд сайд та дэндүү тооцоололгүй эхлүүлчихэж байгаа юм биш үү. Мордохын хазгай гэдэг шиг эрчим хүчний реформыг салбарын бүтэц, удирдлагуудаас буюу хариуцлага тооцохоос эхлэх учиртай гэдгийг олон жил монголчууд ярьсан даа. Харин дараа нь тогтолцооны өөрчлөлт хийх, эцэст нь үнэ тарифын өөрчлөлт буюу иргэдийн орлого дээр очих ийм дарааллаар реформ хийхийг ард түмэн хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл эрчим хүчний шинэчлэлийг төр өөрөөсөө эхлүүлэлгүй иргэдийнхээ амьжиргаанаас эхлүүлсэнд олон нийт дургүйцсэн.
Дургүйцлээ илэрхийлэхэд нь та “Эрчим хүчний шинэчлэл гэдэг бол цогц өөрчлөлтийг хэлнэ. Тиймээс үнэ ч нэмнэ, хариуцлага, тогтолцооны өөрчлөлтүүдээ ч давхар хийнэ” гэж иргэдийн амыг тагласан. Харамсалтай нь бодит амьдрал дээр таны эхлүүлсэн эрчим хүчний реформ зүгээр л албан тушаалтнуудын орлого, эрх ашгийг нэмэгдүүлэх байсан юм биш үү. Үнэ нэмж байгаа нь алдагдлаа нөхөх шаардлага үүссэн учраас гэж хэлсэн. Гэтэл эрчим хүчний алдагдал чинь бахь байдгаараа л байна. Харин ч үнэ нэмсэн хазгай шийдвэрт чинь ард түмэн хүлээцтэй хандаж, тэвчиж ирсэн нь үнэн. Гэтэл иргэдийн тэвчээр, итгэлийг хөсөрдүүлсэн, анхнаасаа эрчим хүчний шинэчлэлт биш байсныг нотлох мэт процесс нийгэмд өрнөж байна. Тэр нь цахилгааны хязгаарлалт. Энэ хязгаарлалт өдөр болгон 2-3 цагт үргэлжлэн хийгдэж, тэр бүү хэл хэзээ, хаана, хэдэн цаг хязгаарлалт хийх урьдчилсан мэдээ өгөхгүйгээр шууд тасалж байгаа төрийн үйлчилгээнд олон нийт дургүйцэж, бухимдаж байна. Утаатай, түгжрэлтэй, нийгмийн стресс бухимдалтай өдөржин зууралдаж, гэртээ харихад цахилгаангүй харанхуй орчин угтахаар иргэд яаж ч бухимдахгүй байх билээ дээ.
20-30 минут биш 2-3 цаг, бүр тэрнээс дээш хугацаанд цахилгаан ашиглах боломжгүй болгож байгаа нь үнэхээр ард түмнээ элэг барьж доромжлоод байна уу, сориод байна уу гэж ойлгогдохоор. Хязгаарлалтаас болж аж ахуйн нэгжүүдийн бизнес эхнээсээ хаалгаа барьж эхэллээ. Айлуудын цахилгаан эд зүйл эрчим хүчний хэлбэлзлээс шалтгаалаад шатах нь шатаж, эвдрэх нь эвдэрч дууслаа. Нийгэм, эдийн засагт учруулж байгаа хохирлыг мөнгөн дүнгээр тооцвол ард түмэн тариф нь өссөн эрчим хүчнийхээ хэрэглээнээс хэд дахин илүүг төлж байгаа юм биш үү. Нэг айл өрхийн сарын эрчим хүчний төлбөр дунджаар 30 гаруй мянган төгрөг байсныг 60 орчим мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэ бол тийм ч их нэмэгдэл биш гэж эхлүүлсэн реформоо бардам хамгаалж байсан даа. Яг амьдрал дээр айл өрхүүд сар биш, өдөрт хэдэн сая төгрөгөөр авсан эд зүйлээрээ хохирч байна. Ер нь ингэж цахилгаан хязгаарлахаа мэдэж байсан юм бол эрчим хүчний үнэ, тарифыг нэмэх шаардлага байсан юм уу.
Энэ чинь тэгээд таны эхлүүлсэн нөгөө эрчим хүчний шинэчлэлт үү. Эсвэл үнэ нэмсэн чинь эрчим хүчний салбарыг шинэчлэх биш, эсрэгээрээ олон жил энэ салбараас авлигажсан албан тушаалтнуудын орлогыг нэмэх байсан юм уу. Үүнд та ард түмэндээ бодит тайлбараа өг. Өгч чадахгүй бол уучлалт гуйгаад, суудлаа тавьж өг. Тэртэй тэргүй хөхөө шиг донгодож, тогос шиг гоёсон улстөрчид том реформ, өөрчлөлт, шинэчлэлтийг эхлүүлдэггүй гэдгийг ард түмэн мэддэг болсон шүү, сайд аа!
М.Оргил