Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувиар энэ сарын 16-нд УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд, ЦЕГ, ТЕГ-ын дарга зэрэг албан тушаалтныг дуудаж уулзсан билээ. Ер нь бол загнасан юм. Сайд нар толгой бөхийн сууж сонслоо. “Засгийн газар ажилдаа ор, салан задгай байна. Бие биедээ шаардлага тавихгүй, найраан дундаа орчихсон. Явж явж найрааны Засгийн газар болох нь. Тийм юм байхгүй шүү. Эмээл хазаарынхаа бүтэн дээр хазаараа тат. Цар тахлын жилүүдэд иргэд гэртээ байж, өдөржин галлаж байсан ч утаа ийм байгаагүй. Нүүрсний болон хариуцлагагүйн утаа хоёр нийлэн Улаанбаатарыг бүрхэж байна” хэмээгээд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үүрэг өгсөн.
Хэн нэгнээр заалгаж, чиглүүлж, хэлүүлэхгүй л бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна. Тэд эхлээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгчөөс заавар авсан. Улсын төсвийг боловсруулж оруулж ирэхдээ үргүй зардлыг ихэсгэж, дураараа хандсан. УИХ нь ч үүнд хариуцлагагүй хандаж, засаж залруулахын оронд ажилдаа ирдэг хэдхэн гишүүн нь олонхынхоо шийдвэрийг хамгаалан, ус залгисан мэт суусаар баталж орхив. Тэгмэгц Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “үсрэн” гарч ирсэн. Тэрбээр улсын төсөвт бүхэлд нь хориг тавьж, алдагдалгүй, үр ашигтай болгохыг үүрэгдсэн юм. УИХ анх удаа Ерөнхийлөгчийн зүгээс улсын төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч, баталсан хуулиудаа хүчингүй болгон, Засгийн газарт буцаасан. Ингээд Төрийн тэргүүнээс өгсөн чиглэлийн дагуу тэд төсвийн зардлыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж, зарим үргүй зардлаа эрхбиш хасаж оруулж ирлээ. УИХ ч олон нийтэд шүүмжлүүлж, түүхэнд анх удаа хоёр дахь удаагаа төсвөө хэлэлцэж буй учраас арай хянамгай хандлаа. Ингэн байж арванхоёрдугаар сард багтаан ирэх оны улсын төсвийг баталсан. Ерөөс хэлүүлж, засуулахгүй бол дур зоргоороо авирлачих гээд, үнэхээр л салан задгай Засгийн газар байгаа юм.
Дараа нь тэд Улаанбаатарын утааг бууруулах талаар Төрийн тэргүүнээс хоёр дахь удаагаа чиглэл авав. Ес эхлэх дөхсөн, нийслэлийн иргэд утаандаа хахаж, цацан хордож байхад хамтарсан Засгийн газар тоймтой ажил хийсэнгүй. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ууртайгаар дахин гарч ирлээ. Сайд нарыг хатуухан загнав. “Ковидын он жилүүдэд утааг бууруулж болоод байсан. Гаргасан энэ амжилтаасаа яагаад ухраад байна вэ. Улаанбаатарын утааг бууруулах ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тавантолгой түлш” компанийн хамт олонд хариуцуулчихсан. Ингээд орхивол амжилт олохгүй. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаад, ямар ч хяналтгүй болсон. Энэ хороогоо байгуулахгүй бол та нар урагш алхахгүй” гэлээ. Ингээд нэг юм Засгийн газар юу хийхээ мэдэж авч, зааврын дагуу хуралдаж шийдлээ. Лхагва гарагт болсон ээлжит хуралдаанаараа тэд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг нь батлав. Уг хороог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ахалж, холбогдох сайд нар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга нар тус тус гишүүнээр нь ажиллах аж.
Энэ Засгийн газрын тэргүүн нь У.Хүрэлсүх юм уу, Л.Оюун-Эрдэнэ үү гэдгийг ч мэдэхээ байх нь. Ерөнхий сайд нь санаачилгатай ажиллахгүй байхаар гарч ирж дуугарахаас өөр сонголт Төрийн тэргүүнд үлдэхгүй байна.
Нэг талдаа энэ үйлдэл нь түүний байр суурийг олон нийтийн дунд нэмж буй юм. Бусдыг загнадаг, ууртай даргын арга барил хуучирсан гэж шүүмжлэх хүмүүс ч байна. Гэхдээ хараад суугаад байвал улсаараа хордож үхчих гээд, эсвэл олсон хэдэн төгрөгөө баруун солгойгүй цацчих гээд буй учраас бүх ард түмний саналаар сонгогдсон Ерөнхийлөгч хүн “үглэх”-ээс яах билээ. Хүссэн ч, хүсээгүй ч утаатай нүүр тулах ажлыг хариуцаж буй хотын дарга Х.Нямбаатар нь зуух нийлүүлэх тухай ярьж, “Яндан нэмэгдээд байхаар утаа ихсээд байна” гэсэн тэнэг тайлбар тавьж сууна. Ерөнхий сайдын зүтгүүлж томилсон хотын дарга шүү дээ.
Нөгөө талд нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Нар гарахгүй, салхилахгүй байхаар төвийн шугамд холбогдсон зарим станц ажиллахгүй байна. Тэгээд тог тасарлаа” гэсэн шиг сууна.
Ерөөсөө утааг салхи л арилгана, тогийг ч нар, салхиар л нийлүүлнэ, иргэд юу ч түлэхгүй, даараад суу. Тэгвэл бүх зүйл сайхан болно гэсэн мунхаг тайлбар хэлсэн дарга, сайд нар л байна. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг дээ. Одоо Ерөнхий сайд дахин байгуулсан хороогоо хэрхэн ажиллуулахыг Ерөнхийлөгчөөс асуух юм уу, яах юм. Нарийвчилсан чиглэл авахгүйгээр ажиллаж барах нь уу, үгүй юү. Энэ хорт утаагаар албан тушаал, эрх мэдэл үл харгалзан бид бүгд адилхан амьсгалж байгаа. Өнөөдөр үүгээр бизнес, улс төр хийж хэдэн төгрөгтэй, эрх мэдэлтэй байж болох ч албан тушаалтнуудын үр хүүхдийн эрүүл мэнд ч адилхан хордож байгааг санаж, сэхээрээсэй.