Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Японы автомашин үйлдвэрлэгч Honda Motor болон Nissan Motor компаниуд нэгдэх асуудлаар яриа хэлэлцээ явуулж, улмаар ирэх долоо хоногт хоёр компанийг нэгтгэх үндсэн гэрээг байгуулахаар болсон байна.
Автомашины үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дотооддоо Toyota-гийн араас хоёр, гуравдугаар байрт жагсдаг дээрх компаниуд хоорондоо нэгдэн, холдинг компани болж, технологиудаа харилцан солилцож, үйлдвэрлэлийн зардал төсвөө дундын болгосноор өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх яриа хэлэлцээг явуулжээ.

Үүний өмнө хоёр компани өнгөрсөн 8-р сард дундын програм хангамжийн платформыг хөгжүүлж, цахилгаан автомашины эд ангиудаа нэгдмэл байдлаар стандартжуулах тохиролцоонд хүрч байсан юм. Түүнчлэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн асуудлаар яриа хэлэлцээ явуулна гэдгээ энэ оны 3-р сард зарлаж байсан.
Honda, Nissan компаниуд цахилгаан автомашины салбар дахь Хятадын BYD, Америкийн Tesla зэрэг олон улсын томоохон өрсөлдөгчдийн эсрэг хүчээ нэгтгэх үүднээс ийнхүү нэгдэх яриа хэлэлцээний эхний үе шатандаа явж байгаа бөгөөд тун удахгүй нэгдэх гэрээ хэлэлцээр байгуулах талаар ойрын эх сурвалжууд мэдээлж байна.
Гэхдээ гэрээ хийхэд үүсэж байгаа нэг асуудал нь Nissan компанийн хувьд борлуулалтын орлогын хэмжээ буурсан явдал болж байгаа. Энэ оны 2 болон 3 дугаар улиралд тус компанийн борлуулалтын орлого өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад бараг 94 хувиар унасан бөгөөд үүний шалтгааныг АНУ дахь борлуулалтын хэмжээ огцом буурсантай холбон тайлбарласан юм. Тиймээс компанийн зүгээс олон улсын үйлдвэрлэлийн хэмжээгээ 20 хувиар бууруулж, 2027 оны 3 сар гэхэд 9 мянган ажилтнаа цомхотгох болно хэмээн өнгөрсөн сард мэдэгдсэн. Түүнчлэн санхүүгийн албаны шинэ даргыг нэрлэн томилж, танилцуулна гэдгээ өнгөрсөн долоо хоногт зарласан билээ.
Nissan компани нь Mitsubishi Motors компанийн ихэнх хувьцааг эзэмшигч ба Honda компанитай нэгдэх яриа хэлэлцээнд Mitsubishi-г оролцуулах эсэх асуудал багтсан эсэх нь тодорхойгүй байна.