Америкийн технологийн салбарын “мангас”-ууд Д.Трамптай оройн зоог барьжээ


АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын Флорида муж дах Мар-а-Лаго эдлэнд лхагва гаригийн үдэш Америкийн технологийн салбарын тэргүүнүүд цугларч, Д.Трамптай оройн зоог барьсан талаар барууны хэвлэлүүд мэдээлээд байна.

Тодруулбал цахим худалдааны дэлхийд тэргүүлэгч Amazon компанийг үүсгэн байгуулагч, Washington Post сонины эзэн Жефф Безос, удахгүй төрийн департамент удирдах гэж байгаа Tesla компани, X платформын эзэн Элон Маск нар Д.Трампын гэрт оройн зоог хамт барьжээ. Элон Маск дараагаар өөрийн X хуудсандаа “үнэхээр сайхан яриа болж өнгөрсөн” хэмээх нийтэлсэн байна.

Үүний өмнө Д.Трамп Facebook-ийг үүсгэн байгуулагч, Meta толгой компанийн тэргүүн Марк Цукерберг, хиймэл оюун ухааны салбарын тэргүүлэгч OpenAI компанийн тэргүүн Сэм Альтман, Apple-ийн тэргүүн Тим Күүк, TikTok-ийн тэргүүн Шоу Зи Чю нартай мөн оройн зоог барьсан бол пүрэв гаригт тэрээр Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай-тай уулзсан гэсэн мэдээлэл гарчээ.

Жефф Безосын хувьд Д.Трампын тангараг өргөх ёслолын хандивын санд 1 сая ам.доллар хандивлахаа амласан юм. Мөн түүнд АНУ-ын засгийн газартай хамтарч ажиллах томоохон бизнесийн ашиг сонирхол байдаг бөгөөд тэдгээрээс Amazon-ы үүлэн тооцооллын нэгж хэлтэс болон сансрын технологийн Blue Origin компани зэргийг дурьдаж болно.

Түүнчлэн Amazon компани өөрсдийн Prime Video стрийминг үйлчилгээний платформоор ирэх сарын 20-ны өдөр зохиогдох Д.Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөж, албандаа орох ёслолын арга хэмжээг шууд дамжуулахаар болсон байна.

Д.Трампын тангараг өргөх ёслолын хандивын санд Марк Цукерберг, Сэм Альтман нар тус бүр 1 сая ам.доллар хандивлахаа мөн амлаад байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *