Бэлгийн замын халдвар авсан хүмүүсийг ХӨСҮТ, аймаг, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг гээд олон эмнэлэг эмчилдэг. Бусад эмнэлэгтэй харьцуулахад тус эмнэлгийн ачаалал харьцангуй бага байсан ч ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны алба хөл хөдөлгөөнөөр тасрахгүй байв. Биднийг эмчээс яриа авах зуур хоёр хүн тариа хийлгэхээр ирэв. Тэдний нэг нь 16 настай хүүхэд байлаа. Хүү эмчийн өрөө рүү орох ээлжээ хүлээх зуур мөөгөнцөр туссан тухайгаа найздаа утсаар хэлэв. Ингээд түүнээс ганц хоёр зүйл тодруулахыг хүссэнд зөвшөөрөв. Хүүгийн царай, дүрс, нэрийг нууцалж “Ц” гэж энд нэрлэе.
16 настай хүүхэд 19 настай эмэгтэйгээс халдвар авчээ
Тэрээр “Би өөрөөсөө 3 насаар эгч хүнтэй бэлгийн хавьталд орсон. Бэлгэвч хэрэглээгүй болохоор мөөгөнцөр тусчихлаа. Энэ өвчин эдгэдэггүй, насан туршид байдаг гэсэн. Хэд хоногийн дараагаас бэлэг эрхтэн загатнах, хорсох зэрэг шинж тэмдэг илэрсэн. Би тэр эгчээс халдвар авсан гэж бодож байна. Эмч “Бэлгийн хавьталд орсон хүнтэйгээ ирж, шинжилгээ өгөөрэй” гэсэн. Энд эмчилгээ хийлгэхээр маш олон хүн ирдэг юм байна. Би тариа хийлгэхээр хоёр дахь өдрөө ирж байна” гэж ярив.
Энэ бол БЗХӨ (Бэлгийн замын халдварт өвчин) туссан хүмүүсийн ердөө нэг жишээ. Яг ийм байдлаар, бэлгэвч хэрэглэхгүйгээр бэлгийн замын халдвар авч байгаа маш олон хүн бий. Зөвхөн энэ оны эхний 11 сарын байдлаар 10205 хүн бэлгийн замын халдварт өвчин олжээ. Энэ нь улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварт өвчний 30.6 хувь юм. Үүн дотроо хамгийн их буюу 46.5 хувийг тэмбүү, 33.6 хувийг загхүйтэн, 19.7 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ эзэлж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгээр өвчилсөн хүн 888-аар нэмэгджээ.
Бүр эргэн харвал 2011 онд ХДХВ/ДОХ-той 90 өвчтөн бүртгэлтэй байв. Тэгвэл 13 жилийн дараа энэ тоо 338 болж нэмэгджээ. Энэ бол аюулын дохио юм. ХДХВ-ийн халдварын тархалтын тооцооллоор манай улсад 653 хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай. Үүний 34.4 хувийг илрүүлээд байгаа талаар Эрүүл мэндийн яам мэдээлж байсан. Ерөнхийдөө жил өнгөрөх тусам БЗХӨ-тэй хүний тоо нэмэгдсээр байгаа аж. Эмч мэргэжилтнүүдийн хувьд тоонд төдийлөн анхаарахгүй байна.
Харин хэрхэн яаж урьдчилан сэргийлж, зөв эмчлэх вэ гэдэгт анхаарч байна. Тухайлбал: ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмч Г.Отгонжаргал “Бэлгийн замын халдварт өвчнөөр өвдсөн хүмүүс ихэвчлэн дур мэдэн антибиотик хэрэглэж, хугацаа алддаг. Энэ нь өвчний шинж тэмдэг, зовуурийг түр арилгах боловч өвчнийг бүрэн эмчилж чаддаггүй. Үүнийгээ мэддэггүйгээс дахин бэлгийн харилцаанд орж, бусдад халдвар дамжуулдаг. Тиймээс эхний ээлжинд мэргэжлийн эмч дээр ирж, шинжилгээ өгөн, зөв эмчилгээ хийлгэх нь чухал” гэв.
БЗХӨ-тэй нийт өвчтөнүүдийг хүйсээр нь авч үзвэл 15.5 хувийг эмэгтэйчүүд, 84.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Насны тухайд 54.1% нь 25-39 насныхан. Хамгийн хачирхалтай нь гэр бүлтэй хүмүүсийн гэр бүлээс гадуурх харилцаа анхаарал татна. Ер нь нийгмийн дунд гэр бүлгүй ганц бие хүмүүс бэлгийн хавьталд их ордог гэх ойлголт байдаг ч ачир дээрээ гэр бүлтэй хүмүүс гэр бүлээс гадуурх харилцаанд илүү их орж, бусдаас халдвар авдаг аж.
Бэлгийн замын халдварт өвчин сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрч, замбараагаа алджээ. Нэг ёсондоо хамгийн чимээгүй аюул нүүрлэж байна гэж хэлж болохоор байна. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэдэг шиг эцэг эхийн хэн нэг нь өвчтэй байвал эхнэр, нөхөр, нууц амраг гээд бүгд өвчилнө. Хормойн явдлаас татгалзаж чадахгүй бол бэлгэвчээ зүү!