–Та хэдэн хүүхэдтэй вэ. Д.Цогт-Очир танай хэд дэх хүүхэд вэ. Хүүгийн тань сонсголын бэрхшээл олдмол уу, төрөлхийнх үү?
-Би 3 хүүтэй. Д.Цогт-Очир манай дундах хүүхэд. Дүү болон ахынх нь хөгжил хэвийн. Дундах хүү маань л сонсголын бэрхшээлтэй төрсөн. Анх эвлэрч чадахгүй, хэцүү байсан. Хүү маань одоо 5 дугаар анги. Сонсголын бэрхшээлээсээ болоод, хичээлийнхээ хөтөлбөрөөс хоцорч яваа. Тиймээс гэрийн багшаар хичээл заалгадаг.
-Хэзээнээс сонсголын аппарат зүүх болсон бэ. Таныг цэцэрлэгт багшийн туслахаар ажиллахад, хүү тань нөлөөлсөн үү?
-Тийм. Анх хоёр чихний гадна дэлбэн хөгжөөгүй, сонсголын суваг нь битүү гэдгийг сонсоод, хэцүү байдалд орсон. Хүүг маань аппарат зүүх шаардлагатай гэж эмч хэлсэн. Бүх зүйлийг шинээр эхэлж байгаа залуу гэр бүлийн хувьд энэ бол хүнд даваа байсан.Сонсголын аппарат 20 сая төгрөг байсан, тухайн үед.
Ингээд байгаа мөнгөөрөө Зуун-Айлаас шил авч, зүсүүлэн, хорго хийлгэсэн. Тэгээд л шилэн хоргоо бариад, найзуудаасаа хандив цуглуулж эхэлсэн. Маш олон хүний сэтгэлийн хандиваар сонсголын аппарат авч байлаа. Тэр аппаратыг эвдэлгүй байх, хүүхдүүдээс хамгаалах, ариг гамтай, удаан ашиглахын тулд би хүүхдийнхээ хажууд байнга байх шаардлагатай болсон. Хүүгээ гэрийн ойролцоох цэцэрлэгт орууллаа. Аппаратыг нь арчилж, хамгаалах мөн хүүгээ гадуурхагдах вий гэхээс айгаад, би цэцэрлэгийн багшийн туслахаар ажиллаж эхэлсэн. Тэр цэцэрлэгийн хамт олон минь биднийг маш их дэмжиж, хүүтэйгээ хамт ажиллах боломж олгосон.
-Хүүгээсээ болж, хэн нэгнээс хэцүү мэдрэмж авч байсан биз… Гадуурхагдах явдал олон гардаг уу?
–Маш олон удаа тийм тохиолдол гарч байсан. Анх цэцэрлэгт багшаар ороход, хүүг маань ангийнхан нь чихгүй хүүхэд гээд. Арга ч үгүй л дээ. Жаахан хүүхдүүд юу мэдэх вэ дээ. Би тэр үед хүүхдүүдэд хүүгийнхээ тухай тодорхой ойлголт өгч чадаагүй байсан юм.
Тийм учраас хүүгээ хүмүүст бүтэн харагдуулахын тулд чихний дэлбэн нөхөх хагалгаанд оруулах гэсэн юм. Хүн бүр адилхан биш гэдгийг хүлээн зөвшөөрч, энгийн юм шиг хүлээн авдаг байсан бол миний хүүхэд энэ давааг давах шаардлагагүй байх…
–Та хүүтэйгээ хамт таягт хүүхэлдэйн жүжгээ тоглоод, хэр удаж байгаа вэ. Одоо хэдэн жүжиг тоглож байна вэ?
-Таягт хүүхэлдэйн жүжиг тоглож эхлэхэд, маш олон хүн туслалцаа үзүүлсэн. Тэр дундаа манай цэцэрлэгийн эрхлэгч болон ажилчид, мөн бусад найз нөхөд гээд маш олон хүн тусалсан. Анх энэ жүжгийнхээ хувцас, хэрэгслийг авах мөнгийг хэрхэн олохоо мэдэхгүй байж байтал найз маань гэрийн гадаа ирж, намайг дуудан, машиндаа суулгаад, 10 гаруй сая төгрөг өгч “Жүжгийнхээ хувцас, хэрэгслийг аваарай” гэхэд нь баярлаад, маш их уйлсан.
-Мэс засал хийлгэхэд хэдэн төгрөг шаардлагатай бол… Хагалгааныхаа мөнгийг хэр цуглуулж байна вэ?
-Хүүгээ хөгжүүлэх зорилгоор жюү жицүгийн спортоор хичээллүүлдэг. Олон улсын тэмцээнд ч оролцсон.
Одоо жүжгийнхээ орлогоор хүүгийнхээ сургалтын төлбөр, мөн жүжиг тоглохын тулд зарцуулсан мөнгөө нөхөж эхэлсэн. Удахгүй хүүгийнхээ хагалгааны зардлыг цуглуулж эхэлнэ.
–Та хоёрын жүжгийг үзэх хүсэлтэй цэцэрлэг олон ханддаг уу?
-Цэцэрлэгээс захиалга ирэх нь ховор. Ер нь цэцэрлэг олох хамгийн хэцүү.
-Тухайн хагалгаа нь хэдэн төгрөгийн өртөгтэй вэ?
Өмнө нь жаахан байсан учир тэр бүр ингэж гадуурхагддаггүй байсан. Бид одоо мөгөөрс ургуулах хагалгаанд орох юм. Анх хүүхдэдээ аппарат авч байхад энэ хагалгаа 350 сая төгрөг байсан. Одоо 700 сая төгрөг болчхож. Би нийгмийн даатгалын шимтгэл төлөх, хүүгээ халгаанд оруулахын тулд ажил хийхийн зэрэгцээ давхар орлоготой байх шаардлага үүссэн. Тэгээд л хүүхэдтэйгээ хамт хүүхэлдэй тоглох болсон.
–Таягт хүүхэлдэйгээ хаанаас авдаг вэ. Эсвэл өөрсдөө хийдэг үү?
-Хүүхэлдэйн театрын ах, эгч нараар хийлгэдэг. Монголд таягт хүүхэлдэй хийдэг хүн маш ховор.
–Цаашид ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, гадуурхуулахгүй ижил тэгш ханддаг болгох, тэдний хөгжлийн онцлогийг ойлгуулахын тулд ямар ажлыг хийхээр зорьж байгаа вэ?
-Миний ганцхан өдөр мэдэрсэн мэдрэмжийг үргэлж мэдэрдэг хүмүүс бий. Иймд нийгэмд тэр дундаа хүүхэд багачуудад хөгжлийн бэрхшээлтэй хүний бэрхшээлийг таягт хүүхэлдэйгээр дамжуулан ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлэх, эерэг хандлага бий болгохыг зорьж байна.
Бид одоо ганцхан “Өнхрүүш” үлгэртэй байгаа. 2025 онд таягт хүүхэлдэйгээр дамжуулан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмд ойлгуулахыг зорьж байна.