Британийн нэрт найруулагч Кристофер Нолан энэ сарын 18-ны өдөр “Сэр” цол хүртсэн байна. Өдгөө 54 настай кино найруулагч Кристофер Нолан болон 53 настай түүний эхнэр, кино продюсер Эмма Томас нарт кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн, К.Ноланд “Сэр” цол, түүний эхнэрт “Дэйм” цолыг олгожээ.
Хөлөг баатрын цол гэгддэг “Сэр” болон “Дэйм” цолыг хүртээх ёслолын арга хэмжээ лхагва гаригт уламжлал ёсоор Их Британийн нийслэл Лондон хот дахь Букингэмийн ордон зохион байгуулагдаж, III Чарльз хаан тэдэнд хүндэт цолыг олгосон байна.
Кристофер Нолан ёслолын дараагаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа III Чарльз хаан түүнд “Оппенхаймер” кино таалагдсан хэмээн хэлсэн талаар дурьдаж, “түүнийг бидний киног үзсэн гэдгийг өөрөөс нь сонсох үнэхээр таатай байсан” хэмээн ярьжээ.
Их Британийн засгийн газраас тэдэнд хөлөг баатрын цол олгох шийдвэрийг энэ оны 3-р сард буюу найруулагч “Оппенхаймер” киногоороо 7 төрөлд Оскарын шагнал хүртсэнээс ердөө хэдхэн долоо хоногийн дараа зарлаж байсан юм. Тэрээр уг киногоороо анх удаа “Шилдэг найруулагч”-ийн төрөлд Оскар хүртсэнээс гадна мөн эхнэр болон кино багийнхаа хамтаар “Шилдэг кино” төрөлд Оскарын шагнал хүртсэн билээ.
К.Нолан, Э. Томас нар Лондоны их сургуулийн коллежид суралцаж байхдаа анх танилцаж, улмаар 1997 онд гэрлэж байжээ. Тэд гэрлэхээсээ өмнө “Following” хэмээх анхны хамтын бүтээлээ гаргаж байсан ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл 11 кинонд хамтран ажиллаад байгаа юм. Хосууд Флора, Оливер, Рори, Магнус гэсэн дөрвөн хүүхэдтэй.
Сэр Кристофер Ноланы дараагийн томоохон кино төслийн ажил эхэлж, гол дүрүүдэд Том Холланд, Зендейа, Энн Хэтэуэй, Мэтт Дэймон, Роберт Паттинсон, Шарлиз Терон, Люпита Н’онго нар тоглож, 2026 оны 7 сарын 17-нд нээлтээ хийх тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ.