Паралимпын түүхийг бичилцэж буй “Улаанбаатар БҮК” ХК


Өнгөрсөн зун монголын паралимпын түүхэнд шинэ хуудас нээгдэж, Монгол Улсын паралимпын анхны эмэгтэй аварга төрсөн. Ийнхүү 16 жил тасарсан алтан медаль буухиалсан юм. Завхан аймгийн буйд суурингийн эгэл охин дэлхийн тавцанд өрсөлдөж, 24-хөн насандаа Холливуудын од, домогт жүжигчин Жэки Чанаас олимпын алтан медаль хүртсэн нь эцэг, эх, элгэн олных нь төдийгүй монгол түмний хувьд бахархаж, омогшим үйл байв. 11 дүгээр ангийн сурагч байхдаа таеквондогийн спортоор хичээллэж эхэлсэн түүний “Хөдөлмөрийн баатар” цол хүртэх хүртэлх замнал нь хүн тэмүүлэлтэй байж, хүссэндээ хүрэхийн “амт”-ыг үеийн нөхдөд төдийгүй залуус, дүү нарт нь үлгэрлэж буй.  

Сэтгэл хоёрдож, элдэвт сатаарахгүйгээр бэлтгэлдээ бүтэн төвлөрөх нь тамирчдын хувьд хамгийн чухал. Олимпын аварга У.Сүрэнжавын энэ бололцоог хангаж, санхүүгийн хийгээд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж ирсэн олны нэг нь “Улаанбаатар БҮК” ХК юм. Тус компани Монгол Улсын паралимпын анхны эмэгтэй аварга У.Сүрэнжавтай өнгөрсөн жилээс хамтарч ажилласан бөгөөд сар бүхэн санхүүгийн дэмжлэг үзүүлж, бэлтгэлээ хийх боломж, нөхцөлөөр нь хангадаг аж. Өнөөдөр тус компанийн удирдлагууд паралимпын аварга У.Сүрэнжав, дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар нарыг хүлээж авч, хүндэтгэл үзүүллээ.

Мөн үеэр паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав “Улаанбаатар БҮК” ХК-ийн хамт олондоо маш их баярлалаа. Өнгөрсөн жилээс эхлэн намайг ивээн тэтгэсэн. Өнөөдөр компани дээрээ анх удаа ирээд, ажилчидтайгаа танилцлаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тамирчдын хувьд, тэмцээн уралдаанд явахад санхүүгийн дэмжлэг их хэрэгтэй байдаг. Компаниас цалин, мөнгө нь ороод ирэхээр том дэм болдог” хэмээсэн юм.

“Улаанбаатар БҮК” ХК нь паралимпын хоёр тамирчинд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг аж. Паралимпын тамирчдыг сонгож, хамтардаг нь нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй ажил бөгөөд паралимпын олимпын хорооны үйл ажиллагаа илүү шударга явагддаг гэж үздэгтэй нь холбоотой аж.

Энэ талаар “Улаанбаатар БҮК” ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Золжаргал “Улаанбаатар БҮК”  хувьцаат компани 250-300 ажилтантай.  Манай компани 2009 оноос эхлэн Монголын үндэсний паралимпын хороо болон тамирчдыг дэмжин ажиллаж байна.  Бид нийгмийн хариуцлагын хүрээнд, илүү дэмжлэг хэрэгтэй гэж үзсэн учир паралимпын тамирчдыг дэмжиж ажилладаг. Түүнчлэн олимпын хорооны үйл ажиллагаанаас паралимпын хорооны үйл ажиллагаа илүү шударга явагддаг гэж боддог учир дэмжиж ажилладаг. Бид тамирчдын амжилтын нэг хэсэг болж явж байгаа даа баяртай байна.  гэлээ.  

Паралимпын шилдэг ивээн тэтгэгч байгууллага

2024 онд Паралимпын шилдэг ивээн тэтгэгч байгууллагаар тодорсон “Улаанбаатар БҮК” ХК нь 1984 онд “Байшин Үйлдвэрлэх Комбинат” нэртэй улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үүсгэн байгуулагдсан түүхтэй. Тухайн үедээ Улаанбаатар хотын орон сууцны барилга байгуулалтын 70 орчим хувийг, Дархан, Эрдэнэт зэрэг төвийн бүсийн хот суурингуудын бүтээн байгуулалтыг бетон зуурмаг болон төмөр бетон хийц эдлэлээр хангаж ирсэн байна.

1998 он хувьчлагдаж, өнөөдөр Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болон үйл ажиллагаагаа явуулж байна. 2006 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа шинэчлэн хөгжүүлэх зорилт тавьж хэрэгжүүлснээр барилгын салбараас гадна зам тээвэр, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад өндөр технологи шаардсан нарийн хийц загварын бүтээгдэхүүнээр хангах бүрэн бололцоотой болжээ.

Улмаар орчин үеийн технологийн шийдэл бүхий тоног төхөөрөмжүүдээс гадна 1,345м өөрийн төмөр зам, өндөр даацын гүүрэн кранууд, хагас автомат хэмжилттэй чанар хяналтын лаборатори, технологийн харилцан уялдааг хангасан зохион байгуулалт бүхий үйлдвэрлэлийн цогц бааз, мэргэжлийн инженер техникийн ажилчидтайгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг чанар стандартын дагуу үйлдвэрлэн хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлэн ажиллаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *