БНСУ-аас 2024 оны 12 дугаар сард Монгол руу улс хоорондын шуудангаар илгээсэн нэгэн барааг хүлээн авсан хүн түүнийгээ сувинер, хувцас, шинэ жилийн тоглоом, чимэглэл гэж гаальд мэдүүлжээ. Уг ачааг рентгэнд харахад тоглоом биш, амьд амьтан болох нь тодорхой байсан аж. Түүнийг нягтлан шалгахад, 9 яст мэлхий, 2 могой гарч иржээ.
Ийн зориулалтын бусаар, олон хоног тээвэрлэгдэж ирсэн тэдгээр амьтдыг гаалийн ажилтнууд малын эмчид яаралтай үзүүлж, хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тухайн амьтдыг “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц” (CITES)-ийн 2 дугаар хавсралтад бүртгэлтэй амьтны төрөл, зүйл гэж тодорхойлсон аж. Тус конвенц болон холбогдох хууль тогтоомжид ийм амьтныг улс хооронд тээвэрлэх, хил нэвтрүүлэхдээ экспортлогч, импортлогч талуудын холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах ёстой.
Олон улсын шуудан илгээмжийн гаалийн газар энэ хэрэгт прокурорын хяналтан дор зөрчлийн хэрэг нээн, шалгаж байна. Одоогийн байдлаар уг амьтдыг зориулалтын лабораторид түр хадгалуулжээ. Ингэхдээ шүүгчээс зөвшөөрөл авсан гэнэ.