“Тусгаар тогтнол”-ыг үндсэн агуулга болгосон В.Путины уламжлалт оны эцсийн хэвлэлийн хурал


ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин пүрэв гаригт Москва хотноо өөрийн уламжлалт оны эцсийн хэвлэлийн хурлаа хийж, дотоод гадаадын сэтгүүлчид болон олон нийтийн төлөөлөл, иргэдийн асуултанд хариулсан байна.

“Ерөнхийлөгч В.Путины 2024 оны үр дүн”хэмээн нэрлэгдсэн, 4 цаг үргэлжилсэн хэвлэлийн хурлыг Оросын төрийн томоохон телевизүүд болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр пүрэв гаригийн үдэш шууд дамжуулсан бөгөөд хэвлэлийн хурлын үеэр ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин Украины дайн, Оросын цөмийн зэвсгийн үзэл баримтлал, Сирийн ерөнхийлөгч Б.Ассадын дэглэм нуран унасан явдал, АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампаас эхсүүлээд цөцгийн тосны үнэ зэрэг олон асуудал сэдвийг хөндсөн асуултуудад хариулж, өнгөрч буй 2024 оноо дүгнэлээ.

ОХУ-ын газрын зургийг дүрсэлсэн, асар том цэнхэр LED дэлгэцийн өмнө сууж асуултанд хариулсан В.Путины оны эцсийн хэвлэлийн хурлыг харин барууны хэвлэлүүд маш өндөр, нарийн зохион байгуулалттай, зохиол тавилт бүхий арга хэмжээ болсон хэмээн дүгнээд байна.

Ингээд Оросын төрийн тэргүүний оны эцсийн хэвлэлийн хурлынхаа үеэр ярьсан хэд хэдэн онцлох сэдвүүдийг хүргэе:

Украины дайн

В.Путин 2022 онд “цэргийн тусгай ажиллагаа” нэрээр эхлүүлсэн энэ дайнд “Орос улс эртнээс системтэйгээр бэлтгэлээ сайн базааж, бүрэн хүчин чадлаараа довтлох ёстой байсан” гээд Оросын зэвсэгт хүчин галын шугаманд өдөр бүр тодорхой үр дүн гаргаж байгааг тодотгож, “Оросын цэрэг эрс бол баатрууд юм” хэмээн тодорхойлжээ. Мөн тэрээр Украины тал болон өөрөө ч энэхүү дайныг өндөрлүүлэхэд тун ойрхон байсан, 2022 оны төгсгөлд Истамбулд гэрээ байгуулах тохиролцоонд хүрээд байсан ч гэнэтхэн л “нэг сонин үстэй Жонсон” (Их Британийн ЕС асан Борис Жонсоныг шоглов) гэгч нөхөр гарч ирээд л Украины байр суурийг өөрчилж, дайныг үргэлжлүүлэхээр болсон гэж ярьсан байна. Ардаа цөмийн зэвсэгтэй их гүрний дэмжлэгтэй аливаа улс орны эсрэг ОХУ цөмийн цохилт өгөхийг зөвшөөрсөн өөрчлөлтийг өнгөрсөн 11 сард оруулаад байгаа ОХУ-ын цөмийн зэвсгийн үзэл баримтлалд барууны улс орнууд ямар байдлаар хүлээн авсан бэ гэсэн асуултанд В.Путин “тэднээс өөрсдөөс нь л асуух хэрэгтэй дээ” хэмээн хариулсан байна. Тэрээр мөн өнгөрсөн сард Украины эсрэг харвасан Оросын цоо шинэ, дуунаас хурдан, дундын зайн тусгалт “Орешник” баллистик пуужингийн хүчин чадлын талаар онцолж, “АНУ-ын Украинд нийлүүлсэн агаарын довтолгооноос хамгаалах систем “Орешник”-ийг эсэргүүцэж, унагаж чадах эсэхийг нь харахын тулд бид Украин руу дахин харваж болох юм” хэмээн хэлжээ. Яагаад “Орешник” гэж нэрлэсэн талаарх асуултанд тэрээр жуумалзан инээмсэглэж, “Ёстой мэдэхгүй, мэдэх юм алга” гэж хариулсан байна.

АНУ ба Д.Трамп

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын тухай асуултанд тэрээр “Д.Трамптай хэзээ уулзахаа би мэдэхгүй байна, түүнтэй 4 жил гаруй хугацаанд огт уулзаж ярилцаагүй байгаа ч хэрвээ Трамп хүсвэл түүнтэй хэзээ ч уулзахад бэлэн байна” гэдгээ хэлж хариулсан байна. Харин Трамптай харьцуулахад түүний дэлхийн тавцан дах байр суурь доошилж, суларсан байгаа үед уулзах талаарх асуултанд тэрээр Америкийн зохиолч Марк Твейний “Миний үхсэн талаарх цуу яриа арай л хэтэрч байна” гэсэн алдарт үгийг эш татан хэлж, хэвлэлийн хурлын танхим даяараа инээлдсэн байна. Тэрээр дээрх асуултанд хариулахдаа “Би өөр бодолтой байна. ОХУ өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд илүү хүчтэй болсон гэж хувьдаа би итгэдэг. Бид хэнээс ч хараат байхаа больсон. Бид эдийн засгийн тал дээр хөл дээрээ баттай зогсож чадахаар болсон байна” хэмээн ярьсан юм.

Хятад

Дэлхийд эдийн засгаараа АНУ-ын араас хоёрт бичигдэж байгаа БНХАУ-ын талаар В.Путин ярихдаа Орос-Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүх цаг үеийн хамгийн өндөр дээд түвшинд хүрээд байгааг онцолж, хоёр улс дэлхийн тавцанд олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа гэдгийг тодотголоо. В.Путин “Сүүлийн арван жилийн хугацаанд Орос-Хятадын харилцааны түвшин болон чанар бидний өмнөх түүхэнд байгаагүй тийм өндөрлөгт хүрээд байна” хэмээн ярьжээ.

Сирийн асуудал

Сирийн ерөнхийлөгч Б.Ассадын дэглэм нуран унасан явдлын тухай асуултанд тэрээр Б.Ассадын засаглалыг олон жил дэмжиж ирсэн Кремлийн хувьд энэ нь огтхон ч ялагдал байгаагүй гэсэн байр суурийг илэрхийлсэн ч Сирид үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал үнэхээр “ярвигтай” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн тэрээр улс төрийн орогнол хүсэж Москвад гэр бүлийн хамт ирээд байгаа Б.Ассадтай хараахан уулзаж ярилцаагүй байгаа ч удахгүй түүнтэй уулзахаар төлөвлөсөн байгаагаа хэлжээ. Түүнчлэн ОХУ Сирийн шинэ удирдагчидтай Газар дундын тэнгисийн эрэг дээрх стратегийн хувьд маш чухал ач холбогдолтой хоёр цэргийн баазын асуудлаар яриа хэлэлцээ явуулж байгаа, Москва-гийн зүгээс дээрх баазуудыг хүмүүнлэгийн зорилгоор ашиглана гэдгийг нэмж хэлсэн байна.

Оросын эдийн засаг

В.Путин дотоодын эдийн засаг “тогтвортой” байгааг хэлж, Герман гэх зэрэг улс орнуудтай харьцуулахад эдийн засгийн өсөлт өндөр байгааг онцолсон ч инфляцын хэмжээ 9.1 хувьтай байгаа нь “түгшүүрийн хонх” дэлдэж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Тусгаар тогтнол, ололт амжилт

BBC агентлагийн сэтгүүлч Стив Розенберг В.Путинээс “Таны өмнөх ОХУ-ын ерөнхийлөгч Б.Ельцин ажлаасаа буугаад 25 жил өнгөрлөө, Б.Ельцин танд төрийн эрх мэдлийг шилжүүлэхдээ “Орос орныг хайрлаж, гамнаарай” гэж хэлж байсан, тэр цагаас хойш Орос улсыг та хэр гамнасан гэж хувьдаа боддог вэ?” гэсэн асуултанд В.Путин “Би зүгээр ч нэг гамнасан гэж бодохгүй байна, ангалын ирмэг дээр ёроол руу унах гэж байхад нь аварч, тусгаар тогтнолоо жинхнээр нь аварч, олж авсан гэж бодож байна, яагаад гэвэл түүнээс өмнөх Орос улс тусгаар тогтнолоо бүрэн алдах замдаа орчихсон явж байсан” хэмээн хариулжээ. Түүний энэ удаагийн хэвлэлийн хурал “Оросын тусгаар тогтнол” гэсэн гол үндсэн сэдэв, агуулга дээр тогтон өрнөсөн гэж хэлж болохоор байлаа. В.Путин Украинд эхлүүлсэн цэргийн тусгай ажиллагааны дараагаар барууны эдийн засгийн хоригт орсон ч Орос улс үүнийг даваад гарсан нь гол ололт, амжилтуудын нэг байсныг онцолжээ.

В.Путин жил бүр хийдэг хэвлэлийн хурлаа 2005 болон 2022 онуудад цуцалж байснаас гадна түүнийг 2009-2011 оны хооронд Засгийн газрыг тэргүүлж байх үед тус хурал зохиогдож байгаагүй юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *