А аминдэм дутагдвал хүүхдийн нүдний эвэрлэг бүрхэвч гэмтэх эрсдэлтэй


Аливаа амьд организмд өчүүхэн бага хэмжээгээр шаардагддаг ч бие махбодын бодисын солилцоонд чухал ач холбогдолтой нэг чухал нэгдэл нь аминдэм юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 20 гаруй төрлийн аминдэмийг судалж, бие махбодод үзүүлэх нөлөөлөл, хоногт хэрэглэх тун хэмжээг тогтоосон байна.

Хүн хоногт авах шаардлагатай аминдэмийн хэрэгцээгээ хангахын тулд зөв зохистой хооллох хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр аминдэмийн бэлдмэл хэрэглэж болох юм.

Манай орны хувьд тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд А аминдэмийн дутагдал өндөр хувьтай байдаг. А аминдэм дутахад хүүхдийн өсөлт, хөгжил, дархлаа, цус төлжилт муудаж, арьс, салст хуурайшдаг. Мөн нүдний эвэрлэг бүрхэвч гэмтэх эрсдэлтэй байдаг ажээ.

А аминдэм хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааны системийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаан бурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдэлийг бууруулдаг аж.

Хүүхдийг А аминдэмийн дутагдлаас сэргийлэхийн тулд зургаан сартайгаас 11 сартай хүүхэд 100,000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн тав болон 11 дүгээр сард ууна. 12 сартайгаас 59 сартай хүүхэд 200,000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн тав болон 11 дүгээр сард уух ёстой бол зургаа хүртэлх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэм авдаг байна.

Д.Эрдэнэтуяа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *