Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Хууль зүй, шүүхийн хороотой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа танилцуулав. Урт хугацаандаа, үр дүнтэй хэрэгжүүлэх энэ хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд Элчин сайдын хувиар дэмжлэг үзүүлэхийг хүссэн.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс нь соёл, уламжлал, үнэт зүйлс болон тогтолцооны хувьд адил төстэйг тэрбээр тэмдэглэв. Хоёр орны суурь нөхцөл төстэй, үүн дээр Бүгд Найрамдах Солонгос Улсын ардчилсан тогтолцоогоо бэхжүүлсэн арвин туршлагатай учраас Монгол Улсад суралцах зүйл их бий гээд “Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, бизнесийн орчныг өнөөдрийн түвшинд хүргэсэн Та бүхний туршлагыг бид судалж, нэвтрүүлэх чиглэлээр хоёр орны парламентын Байнгын хороодын түвшинд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улс шүүх тогтолцоогоо өнөөгийн түвшинд бэхжүүлсэн арга, туршлагаас суралцаж, нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Ноён Чой Жин Вон хүлээн авч уулзаж буйд нь Хууль зүйн байнгын хорооны даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх саналыг холбогдох түвшинд уламжлан, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Талууд хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох байгууллагууд, Байнгын хороодын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.