Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Мэтгэлцээний нэгдсэн танхимаас хамтран зохион байгуулсан Парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн 2024 оны арванхоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдож, “Үндэсний аварга” багуудыг тодруулж байна.
“Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвийн хүрээнд анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухаанчаар судлан мэтгэлцсэн тус тэмцээнд 10 их, дээд сургуулийн 36 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн 3-р курсын оюутан Б.Хонгорзул, Б.Ариунзаяа нарын гишүүдтэй “Дайралцаан” баг, МУИС-ийн Олон Улсын Харилцааны сургуулийн 2-р курсын оюутан О.Энхжин, 3-р курсын оюутан О.Гантулга нарын гишүүдтэй “Монад” баг шалгаран үлджээ. Энэ удаагийн үндэсний тэмцээний мэтгэлцээний шийдлүүд нь Үндсэн хууль ба өдөр тутмын амьдрал дахь хэрэгцээ шаардлагатай уялдсан буюу автомашины татвар ногдуулалт, улс төрийн намуудын сонгуульд өрсөлдөх боломж, тайван жагсаал, цуглаан хийх эрх, газрын ховор элемент, ашигт малтмалын экспорт зэрэг асуудлыг хөндсөн юм. Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын шинэ ерөнхийлөгч бөгөөд УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, цаашид оюутан залуусын оюуны мэтгэлцэх урлагийг хөгжүүлэхэд анхаарч, олон улсын тэмцээнүүдэд багуудыг бэлтгэж оролцуулах, англи хэлээрх мэтгэлцээнүүдийг идэвхжүүлэхийг чухалчилна гэжээ.