Словак улсын ерөнхий сайд Роберт Фицо ням гарагт ОХУ-д гэнэтийн албан айлчлал хийж, айлчлалын үеэрээ ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд бараалхаж, яриа хэлэлцээ хийсэн байна. Ийнхүү тэрээр ОХУ Украинд халдан довтолсноос хойш барууны ертөнцөөс Москвад айлчилсан гурав дахь удирдагч боллоо.
Роберт Фицо нь ЕХ-ны Украинд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа явдлыг нээлттэй шүүмжилж, эсэргүүцдэг улс төрчдийн нэг бөгөөд В.Путинтэй хийсэн уулзалтынхаа үеэр Оросын байгалийн хийг Словакт нийлүүлэх асуудлаар голчлон ярилцсан талаараа онцолжээ.
Р.Фицо түүний Москвад В.Путинтэй хийсэн энэхүү уулзалт хэлэлцээ нь саяхан Украины ерөнхийлөгч В.Зеленскийн ЕХ-ны Дээд хэмжээний уулзалтын үеэр Европын удирдагчдад хандаж “Украины газар нутгаар Оросын хийн хоолой дамжин өнгөрөх явдлыг Украин улс эсэргүүцсэн байр суурьтай хэвээрээ байгаа” гэсэн мэдэгдлийн хариуд хийсэн үйлдэл гэдгийг давхар онцолсон байна. В.Зеленскийн байр суурийн дагуу бол ОХУ-ын байгалийн хийг Украины нутгаар дамжуулан Словакт зөөвөрлөх гэрээний хугацаа ирэх оны 1 дүгээр сарын 1-нд дууссаны дараа цаашид боломжгүй болно гэсэн утга агуулгатай байсан юм.
ОХУ нь ЗХУ-ын үед байгуулсан хил дамнасан хийн хоолойгоор Сибирийн хойд хэсэгт олборлосон байгалийн хийг Украины нутгаар дамжуулан Словак, Чех, Унгар, Австри зэрэг улсуудад олон арван жилийн турш нийлүүлж ирсэн ч Украины хямралын улмаас ЕХ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, Оросын эрчим хүчний хараат байдлаас гарах бодлогыг боловсруулснаар өнөөдөр Оросын байгалийн хийг Украины хил дамнасан хоолойгоор голчлон авч буй ЕХ-ны цорын ганц орон бол Словак болоод байгаа юм.
Р.Фицо хэлэхдээ В.Путин Оросын байгалийн хийг барууны орнуудад үргэлжлүүлэн нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн гэжээ.
Словакын ерөнхий сайд В.Путинтэй “урд удаан яриа” өрнүүлснээ хэлж, “Украин дахь цэрэг дайны нөхцөл байдлын талаар харилцан байр сууриа солилцсон” гэжээ. Тэд Украины дайныг эрт, тайван замаар өндөрлүүлэх боломж, бололцооны талаар санал солилцсоноос гадна Словак, ОХУ-ын харилцааны асуудлаар хэлэлцсэн тухай Р.Фицо өөрийнхөө Фэйсбүүк хуудсаараа дамжуулан хуваалцсан байна.
Словак улсын ОХУ-аас Украины газар нутгаар дамжуулан эрчим хүч импортолж авахаар Оросын байгалийн хий нийлүүлэгч Газпром компанитай байгуулсан гэрээ нь оны эцсээр дуусгавар болж байгаа юм. Словак, Унгар улсууд нь байгалийн хийн хэрэглээгээ Оросоос хангадаг бөгөөд нийлүүлэлт зогсох вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаа тул Словак улсын ерөнхий сайд ийнхүү ОХУ-д гэнэтийн айлчлал хийлээ. Энэ жил халдлагад өртөн, буудуулсан ч амьд гарч чадсан Словак улсын ерөнхий сайд өнгөрсөн оны 10 сард сонгуульд ялалт байгуулж, дахин засгийн газрын тэргүүнээр сонгогдсон даруйдаа Украинд үзүүлж байсан Словак улсын зэвсгийн тусламжийг өндөрлүүлж байсан юм. Тэрээр Украин улстай “сайн хөршийн харилцаатай үлдэхийг хүсэж байна” хэмээн тухай үед мэдэгдэж байсан билээ.