Тэжээвэр аймгууд


Монгол Улс 21 аймагтай ч 7 нь улсын төсөвт нэмэр болж, бусад нь нэрмээс болдог. Дараа жил ч энэ байдал хэвээрээ үргэлжилнэ.

Хэнтийн халаа Хөвсгөлд шилжив

Улсын төсвөөс арын хаалгаар мөнгө авдаг хэмээн сүүлийн хэдэн жил адлагдсан Хэнтий аймаг дараа жил 40.8 тэрбум төгрөг зарцуулахаар болж байна. 2024 онд улсаас авсан 38.7 тэрбумтай нь харьцуулбал ялихгүй бага мөнгө. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын буянаар мөнгөний ихийг хүртэж ирсэн хэнтийнхэн үүнийг чамлах л байх даа.

Хэнтийн хишиг энэ удаад Хөвсгөл аймагт шилжив. 2024 онд Хөвсгөлд 37.9 тэрбум төгрөг улсаас хуваарилсан. Энэ бол Хэнтийн дараа орсон, түүнээс дутахгүй өндөр төсөв байлаа. Харин одоо 52.1 тэрбум төгрөг оногдов. Улсын хэмжээнд 6-рт ордог уудам газар нутагтай, дотоод, гадаадын аялагчдын заавал очиж үздэг олон үзэсгэлэнт газартай, хамгийн олон хүн амтай, хамгийн олон малтай гээд тоочоод байвал энэ аймаг юм юмтай. Тэгсэн атлаа улсаас татаас авдаг.

Улсын төсөвт мөнгө нэмэрлэхгүй юм гэхэд өөрийгөө тэжээх нөөц боломж энэ аймагт бий. Гадаадын 2 жуулчин тутмын 1 нь Хөвсгөлд ирж байгаа атал аялал жуулчлалаас дориухан орлого олох боломжоо огт ашиглаж чаддаггүй. 566 мянган малтай, Монголын хамгийн олон малтай аймаг гэх боловч тооноос цаашгүй. Хамгийн олон хүнтэй атлаа тэднээрээ баялаг бүтээлгэж дөнгөдөггүй. 136 мянган хүнийх нь 55% буюу 75 мянга нь 18-59 насныхан. Энэ бол хөдөлмөрийн бэлэн хүч. Энэ бүх нөөцөө тус аймгийн удирдлагууд ашиглаж, тэжээлгэдэг биш, тэтгэдэг аймгийн тоонд хурдан орох ёстой. Төр бяслагны үйлдвэр байгуулж өгөхийг хүлээгээд, засаг жуулчин авчрахыг хараад байвал хөвсгөлийнхөн амаа ангайсан тэжээвэр аймаг хэвээрээ үлдэнэ.   

Улсаас авах татаасын хэмжээгээрээ Завхан аман хүдүүдэж, Архангай араас нь жагсан, Хэнтий 4-рт орж, Увс айрагдлаа. Ингээд ажаад байвал тал бүрийн боломж ихтэй аймгууд улсаас хамгийн их татаас авч байна. Бэлэнчлэх сэтгэлгээ бугшчихсан юм биш үү гэж л харагдаад байна.

Дорнодыг улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүргээс чөлөөлөв

15 аймаг нийлээд, улсын төсвөөс ирэх жил 445 их наяд 307.4 тэрбум төгрөгийн татаас авах бол 5 аймаг хамжаад 1 их наяд 903 тэрбум 132.1 сая төгрөг улсын төсөвт өгнө. Энэ мөнгөний дүнг харьцуулаад үзээрэй. Өмнөговь, Дундговь, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ нийлээд, аймгуудын 1/3-ийг бүрдүүлж байгаа ч улсын төсвөөр тэжээлгэж байгаа аймгуудын авах мөнгөний 1/3-ийг бий болгож чадахгүй байна. Өмнө нь нийслэл, Дорнод аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлдэг байлаа. Тэгвэл 2024 оны улсын төсөв тодотгохдоо тэр үүргээс чөлөөлсөн юм. Тухайлбал: Дорнод аймаг 2024 онд 2.9 тэрбум төгрөг улсад өгөх ёстой байсан ч тодотголоор 2.6 болгож багасгасан.

Тэгвэл 2025 оноос улс энэ хоёроос мөнгө авахгүй. Нийслэлийг метрогоо барь, түгжрэлээ шийд, агаараа цэвэрлэ гээд ачааг нь хөнгөлсөн бол Дорнодыг яагаад чөлөөлсөн нь тодорхой бус байна.

15 аймаг нийлээд, улсын төсвөөс ирэх жил 445 их наяд 307.4 тэрбум төгрөгийн татаас авах бол 5 аймаг хамжаад 1 их наяд 903 тэрбум 132.1 сая төгрөг улсын төсөвт өгнө

Улсын төсөвт мөнгө нэмэрлэх үүргээс чөлөөлөгдсөн Дорнод аймаг 2025 онд төсвөө юунд зарцуулахыг сонирхъё. Тус аймаг 78.1 тэрбум төгрөг олж, 79.8 тэрбумыг зарцуулахаар алдагдалтай төсөв төлөвлөжээ. Үүгээр 178 төсөл, арга хэмжээ санхүүжүүлнэ. “Хүн болох багаасаа” төсөлд 1.8 тэрбум, сумдад 8 айлын орон сууц барихад 1.6 тэрбум, зам засах, арчлахад 1.4 тэрбум, “10 мянган хүлэмж” төсөлд 345.7 сая төгрөг, нутгийн удирдлагын байр тохижуулах, тоног төхөөрөмж авахад 360 саяыг зарцуулна. Аймгийн ЗДТГ, Байгаль орчны газарт 550 сая төгрөгөөр машин авч, Хэрлэн сумын гудамж, талбайг 874.7 сая төгрөгөөр камержуулна.

Газар нутгийн хэмжээгээрээ ч тэр үү, Монгол Улсын отгон аймаг Говьсүмбэр 2024 онд 6.8 тэрбум төгрөгийн өглөг хүртэж, улсын төсвөөс хүртсэн мөнгөний хэмжээгээрээ сүүл мушгисан. Тэгвэл тус аймаг 9.2 тэрбумын төсвөөрөө Төв аймагт халаагаа шилжүүллээ. 16.8 тэрбум нь 2.1 болоход Төв аймгийнхан дурамжхан л байна.  

Өмнөговь өөрөө 2.3 их наядыг зарцуулж, улсад 1.7 их наядыг олж өгнө

Улсын төсөвт 2024 онд 1.4 тэрбум төгрөг өгсөн Өмнөговь аймаг 2025 онд 1.7 тэрбумыг төвлөрүүлэх үүрэг хүлээв. Тус аймгийн ИТХ ээлжит бус III хурлаа 12-р сарын 19-нд хийж, ирэх жилийн төсвөө 2.3 их наяд төгрөгөөр батлав. Өөрөө 2.3 их наядыг зарцуулж, улсад 1.7 их наядыг олж өгөхийн тулд тус аймаг 4 их наяд төгрөг олох ёстой болж байна. Ингэхийн тулд өмнөговийнхон Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлан, бүх шатны төсвийн байгууллагуудаа хэмжнэлтийн горимд шилжүүлж, урсгал зардлаа байж болох хэмжээнд багасган, төрийн үйлчилгээг цахимжуулах нь. Товчхондоо бол өмнөговийнхон бүсээ чангална.

Тус аймгийн засаг даргын “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрт дараа жил 134.7 тэрбум төгрөг зарцуулах бол 443.1 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийнэ. Даланзадгад, Гурвантэс суманд сургууль, Цогтцэций суманд 640 болон 320 хүүхдийн сургууль, Даланзадгад суманд 4 цэцэрлэг барихаар төсөвтөө тусгажээ. Даланзадгад суманд 50 ортой хүүхдийн эмнэлэг барьж, Гурвантэс сумын эмнэлгийн барилгыг дуусгах бол аймгийн хэмжээнд 18 хүртэлх насны хүүхдүүдийг эрт илрүүлэгт хамруулах юм байна. Тус аймгийн төсөвт туссан нэг сонирхолтой ажил бол нүүдлийн эмнэлэг.

2025 онд улсын төсвөөс татаас авах 15 аймаг

  1. Архангай аймаг 46 тэрбум 462.2 сая,
  2. Баян-Өлгий аймаг 29 тэрбум 659.7 сая,
  3. Баянхонгор аймаг 37 тэрбум 765.3 сая,
  4. Булган аймаг 17 тэрбум 895.3 сая,
  5. Говь-Алтай аймаг 29 тэрбум 685.2 сая,
  6. Дундговь аймаг 19 тэрбум 308.7 сая,
  7. Завхан 47 тэрбум 684.4 сая,
  8. Өвөрхангай аймаг 36 тэрбум 362 сая,
  9. Сүхбаатар аймаг 22 тэрбум 417.2 сая,
  10. Төв аймаг 2 тэрбум 154 сая,
  11. Увс аймаг 39 тэрум 573 сая,
  12. Ховд аймаг 14 тэрбум 041.6 сая,
  13. Хөвсгөл аймаг 52 тэрбум 173.4 сая,
  14. Хэнтий аймаг 40 тэрбум 849.4 сая,
  15. Говьсүмбэр аймаг 9 тэрбум 282 сая,

Улсын төсөвт мөнгө өгөх 5 аймаг

  1. Дорноговь аймаг 10 тэрбум 478 сая төгрөг
  2. Өмнөговь аймаг 1 их наяд 754 тэрбум 708 сая төгрөг
  3. Сэлэнгэ аймаг 94.8 сая төгрөг
  4. Дархан-Уул аймаг 1 тэрбум 362 сая  төгрөг
  5. Орхон аймаг 136 тэрбум 487 сая төгрөг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *