Ургийн өсөлт хэвлийдээ зогсоход утаа нөлөөлж байна


Харамсмаар, харуусмаар олон асуудал бидний нийгэмд байсаар.Тэдгээрийн нэг нь эмэгтэйчүүдэд тохиолдоод буй өсөлтгүй жирэмслэлт буюу “чимээгүй зулбалт” юм.
Хүн болж чадаагүй эхийн хэвлийдээ ураг эндэхийг “Чимээгүй зулбалт” гэж нэрлэх нь олонтаа. Ингэж нэрлэх нь ч тохирох байх. Ихэнхдээ эхийн гэдэс нь томорч мэдэгдэхгүй дөнгөж 1, 2 сартай, зарим нь хэдхэн долоо хоногтой байхдаа энддэг учир хэнд ч анзаарагддаггүй. Тиймээс үүнийг зарим хүн ийн нэрлэдэг ажээ.

Ойролцоогоор 8 жирэмслэлт тутмын 1 нь зулбалтаар төгсдөг гэх судалгаа бий. Нас ахих тусам зулбах магадлал нэмэгддэг байна.

Эхийн хэвлийд өсөж торниод, Эх Дэлхийн тоосыг хөдөлгөх хүртлээ бид ураг хэмээх нэрээр амьдардаг билээ. Гэвч ойрын жилүүдэд ураг амгүй төрөх, ураг эндэх тохиолдол газар авч байгааг олон жишээ, судалгаа харуулж байгаа юм.

“Би өмнө жил хүүхэдтэй болсон ч хүн болгож чадаагүй. Эндсэн. Энэ жил дахиад жирэмсэлсэн ч ээж болох хувь дутсан. Би архи, тамхи хэрэглэдэггүй. Яагаад ийм юм болоод байгааг ойлгохгүй байна” гэж нэгэн эмэгтэй ярив.
“Хамаатны эгч маань хүүхэдтэй болсон ч эндсэн”, “Найзыг маань гурван сартай жирэмсэн байх үед хүүхдийг нь өсөлтгүй гэж эмч хэлсэн”, “Манай эгчийн хүүхэд гэдсэндээ өсөлт нь зогссон” гэх олон жишээг эргэн тойронд буй хүмүүс хэлж байлаа.

Хүүхдээ алдсан эмэгтэйчүүд “Яагаад заавал миний хүүхэд гэж”, “Яагаад надад ийм юм тохиолддог юм бэ” гэж харуусан суух нь өр эмтрэм.

2023 онд 5467, энэ оны эхний зургаан сард 2473 ураг өсөлтгүй жирэмслэлт хэмээн бүртгэгдсэн байна. Гуравхан сая хүн амтай улсад жилд 5000 хүүхдийн өсөлт хэвлийдээ зогсох нь байж болох зүйл яавч биш. Үүний эсрэг дуугардаг, яагаад ийм юм болоод байгааг мэдэх хүн тун ховор.

Өсөлтгүй жирэмслэлт буюу чимээгүй зулбалт нь жирэмсний аль ч үед тохиолдож болно. Тэр дундаа жирэмсний эхний гурван сард тохиолдох нь элбэг байдаг гэнэ.

Ураг амьгүй төрөхөд олон шалтгаан нөлөөлдгийн нэг нь агаар орчны бохирдол, архи, тамхи, үр хөндөлт гэсэн судалгаа бий.

Улаанбаатар хотын оршин суугчид хүйтний улиралд, хэт бохир агаарт амьдардаг. Гэтэл “Lancet”, “Nature” зэрэг Дэлхийн нэр хүнд бүхий шинжлэх ухааны сэтгүүлүүд агаарын бохирдол нь жирэмсний эрт үеийн хүндрэл, зулбалт үүсэхэд нөлөөлж байгаа талаарх судалгаа нийтэлсэн байна.

Өсөлтгүй жирэмслэлттэй нүүр тулсан эмэгтэйчүүд үүний хамгийн том шалтгааныг агаарын бохирдол гэж үзэж буй.

Улаанбаатар хотын агаарын бохирдол зөвшөөрч болох дээд хэмжээгээ давсан тул Засгийн Газар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Салхи л гарахгүй бол утаандаа угаартаж үхэхэд бэлэн байна. Ийм байхад яаж хүүхэдтэй болох вэ? Бид яаж эрүүл хүүхэд төрүүлэх вэ? Хэдэн сар хайрлаж энхрийлж, төрөх өдрөө хоног тоолон хүлээж суухдаа “Таны хүүхэд өсөлтгүй, амьгүй байна” гэх мэдээ сонссон ээжид ямар байх бол?
Төрөлт буурч байна гэж хүмүүс нэлээдгүй шуугилдсан. Ийм бохир агаартай улсад хэн хүүхэд төрүүлэхийг хүсэх вэ дээ. Аутизмтай хүүхэд төрөхөд хүртэл агаарын бохирдол нөлөөлдгийг Монгол, Канадын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар тогтоосон.
Мөн нийслэлийн хүн амын нас баралтад агаарын бохирдол 9.2 хувьтай нөлөөлж байгаа юм. Жил ирэх тусам төрөлт буурч,өсөлтгүй ураг нэмэгдэж байгааг манай улс судлахгүй, авч хэлэлцэхгүй байна. Энэ улсад монгол хүн орших уу, эс орших уу?

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *