ХБНГУ-д халдлага үйлдсэн сэжигтэн Талеб А гэгчийн талаар хэвлэлүүд мэдээллээ


Өнгөрсөн баасан гаригт ХБНГУ-ын Магдебург хотын зул сарын баярын зах яармагийн арга хэмжээний үеэр гарсан халдлагыг үйлдсэн сэжигтэн болох Саудын Арабын иргэнийг ням гарагт зориудаар хүн амины хэрэг үйлдсэн хэрэгт буруутгаад байна.

Сэжигтэн эрэгтэй Магдебург хотын төв дэх олон хүн цугларсан зул сарын баярын яармагийн үеэр хүмүүсийг автомашинаар дайрсны улмаас наад зах нь 5 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн бэртэж гэмтсэн бөгөөд амь үрэгдсэн хүмүүсийн дунд 9 настай хүүхэд багтсан харамсалтай үйл явдал болсон юм.

Эрх баригчид хэргийн газарт сэжигтэнг баривчилж, түүнийг хорьж байцааж байгаа бөгөөд хуулийн дагуу сэжигтний хэн болохыг цагдаагийн байгууллагаас зарладаггүй ч дотоодын хэвлэлүүд түүнийг хэн болохыг олон нийтэд дэлгэн мэдээлээд байна. 

Сэжигтэн этгээдийг Талеб Абдулмохсен нь 50 настай, сэтгэлзүйч, сэтгэл засалч эмч мэргэжилтэй, 2006 онд ХБНГУ-д байнга оршин суух эрхтэй болж байсан, Герман улсад 20 орчим жил мэргэжлээрээ ажиллаж, амьдарч байгаа Саудын Араб улсын иргэн ажээ.

Тэрээр исламын шашины эсрэг үзэлтэй, исламын шашинд шүүмжлэлтэй ханддаг, эсрэгээрээ Германы хэт барууны AfD (Германы төлөө альтернатив нам) намыг дэмжигч, Элон Маскыг дэмжигч, Саудын Арабаас дүрвэгч эмэгтэйчүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг идэвхтэн хүн байсан нь ижил төрлийн экстремист халдлага үйлдсэн бусад хэрэгтнүүдээс огт өөр байгаа ба түүнийг яагаад ийм хэрэг үйлдэх болсон сэдэл, шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Гэхдээ Герман улсын Холбооны эрүүгийн цагдаагийн алба 2023 оны 11 сард Саудын Араб улсаас Талеб Абдулмохсены талаар тагнуулын нууц мэдээ авч, улмаар түүнийг “сайтар мөрдөн шалгах” тусгай ажлыг эхлүүлж байсан талаар тус албаны дарга Хольгер Мюнк бямба гаригт ZDF телевизэд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Мөн түүнээс ч өмнө буюу 2023 оны зуны сүүлээр Талеб Абдулмохсены талаар нууц мэдээлэл авч байсан талаараа ням гаригт Германы Цагаач, дүрвэгсдийн асуудал хариуцсан холбооны албаны зүгээс Х хуудсандаа нийтэлсэн байна.

1974 онд Саудын Арабын Хофуф хотод төрсөн Талеб А нь 2006 оноос ХБНГУ-ын Заксен-Анхальт мужид бүртгэлтэй амьдарч байгааг тус мужийн захирагч Райнер Хаселофф батлан мэдэгджээ. Тэрээр хэрэг гардаг Магдебург хотоос өмнө зүгт 40 км-т орших Бернбург хэмээх жижиг хотын Salus-Fachklinikum хэмээх эмнэлэгт ажилладаг байсан байна. Тухайн эмнэлэгт 2020 он 3 сараас хойш ажилласан бөгөөд өнгөрсөн 10 дугаар сараас хойш өвчтэй гэсэн шалтгааны улмаас чөлөө авсан байжээ.

Халдлага гарсан Магдебург хотод өнгөрсөн бямба гаригт улс төрийн хэт барууны үзэлтнүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Хотын төв талбайд болсон жагсаалд 1000 орчим хүн оролцож, жагсагчид цагаач дүрвэгсдийг нутагт нь буцаахыг шаардаж, мөн хэв журам зохицуулагч цагдаа нартай бяцхан мөргөлдөөд амжсан байна.

Ирэх оны 2 сарын 23-нд ХБНГУ-ын парламентын ээлжит бус сонгууль явагдахаар болоод байгаа бөгөөд дээр дурьдсан хэт барууны AfD намын дэмжлэг өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *