Хөшигний ард нуугдсан Ерөнхий Сайд


Хамтарсан Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн барааг олон нийт өнгөрсөн баасан гарагт олж харав. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийг УИХ-аар хоёр удаа эхнээс нь хэлэлцэж байсан хариуцлагатай цаг үед тэрбээр нэгдсэн чуулганд суугаагүй юм. Уг Засгийн газар байгуулагдаад хэдийн таван сар өнгөрсөн. Энэ хугацаанд тэрбээр АН, МАН-ын дарга нартай Үндэсний баялгийн сан байгуулах талаар санал нэгдсэнээ баталгаажуулж гарын үсэг зурсан. Нэг талын л арга хэмжээ. Учир нь тэр хэвлэлийнхэнд хэзээ ч шууд ярилцлага өгдөггүй, мэдээлэл хийж ганц нэг харагдахдаа асуултад хариулдаггүй. Баасан гарагт ч асуултад хариулсангүй. Хэрэгтэй гэснээ ярьчихаад л “зугчихсан”. УИХ тэдний өргөн барьсан төсвийг хэлэлцэж, Ерөнхийлөгч түүнд нь хориг тавьж, хуулиудыг хүчингүй болгон Засгийн газарт буцааж, дахин эхнээс нь хэлэлцлээ. Ерөнхий сайдын бараа байсангүй. Үргүй зардал ихтэй төсвийнхөө талаар сэтгүүлчдэд байтугай УИХ-ын гишүүдийн асуултад ч хариулсангүй. Эхний төсөв өргөн барих үед Ерөнхий сайд голдуу чөлөөтэй, хоёр дахь удаагаа эхнээс нь дахин хэлэлцэхэд гадаадад томилолттой явсан юм.

Яагаад ч юм нуугдаад, асуудлаас бултаад, шууд нүүр тулахаас айгаад байдаг нь сонин.

Ийнхүү удаан “нуугдсан” Ерөнхий сайд сая нэг ил гарч ирсэн нь хамтарсан Засгийн газрын 100 хоног болсонтой холбоотой. Аливаа Засгийн газрууд байгуулагдсан цагаасаа хойш 100 хоногт юу хийсэн тухай ажлаа тайлагнаж, явцаа танилцуулдаг. Гэтэл хамтарсан Засгийн газрын цаг тоолол арай өөр юм байна. Тэд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр баталснаас хойш хоногоо тооцож буй аж. Долоодугаар сард сайд нараа томилж, ажлаа хүлээгээд авчихсан байсан ч өмнөх хоёр сарыг “тооцохгүй”, бэлтгэлийн хугацаа гэж үзэж байгаа бололтой. Ойгоо тааруулан Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, сайд нар нь хөтөлбөр баталснаас хойш хэрхэн ажилласныг дүгнэсэн байна. Мөн эдийн засгийн үзүүлэлтүүдийг ч энэ өдрөөр тасалбар болгон хэлэлцжээ. Ерөнхийлөгчөөс чиглэл аван байж байгуулсан Орчны бохирдлын эсрэг үндэсний хорооны ажлын төлөвлөгөөг баталсан гэнэ. Удаан нуугдсан хүн ард түмэндээ бэлэгтэй гарч ирэхгүй бол болохгүй. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг болгож иргэн бүрд 135 мянган төгрөг олгох тухай “зар” байлаа. Тус компани энэ сарын 20-ны байдлаар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж буй тул иргэн бүрд нийт 350 мянган төгрөгийн ногдол ашиг тараах нь. Гэхдээ хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан үүнийг гурав хувааж өгөх бөгөөд эхний ээлжид дээрх хэмжээний ашиг олгох юм байна. Ерөнхий сайд мэдээлэл хийж дуусмагц л иргэдийн дансад түрүүчээсээ хувьцааны ашиг орж эхлэв.

Утаан дундаа хордож, хөлдүү зам дээрээ түгжрэн амьдарч буй иргэдээ түр ч гэсэн “баярлуулах”-ыг хичээжээ.

Баярлана гэж итгэж л дээ, манай Ерөнхий сайд. Мөн тэрбээр бүх зүйл сайн, сайхан байгаа тухай өөдрөг мэдээлэл дуулгасан юм. Эдийн засгийн өсөлт таван хувь, валютын нөөц 4.9 тэрбум, оны эцсээр таван тэрбум ам.долларт хүрэх эерэг хүлээлттэй байгаа аж. Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, экспорт 15.7 тэрбум ам.долларт хүрсэн. Ялангуяа нүүрсний экспорт 81.8 сая тонн буюу түүхэн дээд амжилтад хүрсэн гэнэ. 14 мега төслөө явуулж байгаа гэх мэтээр яриад Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд микрофоноо дамжуулмагцаа ямар ч асуултад хариулалгүй явж одов. Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сард анх Ерөнхий сайдаар томилогдож байлаа. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрийн хүсэлтээр огцорсны дараа орыг нь залгасан хэрэг. Дөнгөж төрсөн ээж болон нярайг “Ковид-19”-ын халдвар авсан гэж үзээд өвлийн хүйтэнд дулаан хувцасгүйгээр зөөвөрлөсөндөө уучлал хүсээд, ер нь бол үүгээр шалтаглаад У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон юм. Удалгүй тэр Ерөнхийлөгч болоод эргээд ирсэн. МАН үнэмлэхүй олонх байсан үеэс л Ерөнхий сайдын албыг хашиж эхэлсэн Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчидтэй шууд ярилцлага хийж, асуултад нээлттэй хариулж байсангүй. Харин бэлдсэн асуулттай, зохиолтой, захиалгат нэвтрүүлэгт л оролцдог гэхэд болно. Яг яагаад гүйцэтгэх засаглалын тэргүүн нь ард түмэнтэйгээ нүүр тулахаас, сэтгүүлчдийн асуултад хариулахаас айгаад байдаг юм бол. Тэгсэн атлаа хөшигний араас “ажлаа” хийгээд байдаг. Уг нь Засгийн газар иргэддээ нээлттэй, эргэх холбоотой ажиллах ёстой. 2012-2014 онд мөн л хамтарсан Засгийн газрын тэргүүнээр ажилласан Н.Алтанхуяг Ерөнхий сайд долоо хоногийн пүрэв гараг бүр сэтгүүлчидтэй уулзаж, асуултад нь хариулдаг байлаа. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй, нуугдах шалтгаангүй байсан аж. Бүх цаг үеийн хамгийн нээлттэй Ерөнхий сайд нь магад тэр байсан. Бусад нь ч гэсэн ядаж сэтгүүлчийн асуултад нуугдалгүйгээр хариулдаг, шууд нүүр тулах зоригтой байв. Харин Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайдаар улиран ажиллаж буй эрхэм түүхэнд хамгийн хаалттай, бас хулчгар нь болж үлдэх нь. Үлдсэн гурван жилдээ гэнэт л хэвлэлийнхэнд нээлттэй болчихгүй бол шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *