Өнгөрсөн сард 14 настай сурагч өөр сурагчид хутгалуулан амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор Албани улсад TikTok аппликейшны хэрэглээг нэг жилийн хугацаанд түр хориглох шийдвэрийг засгийн газраас гаргасныг Албанийн ерөнхий сайд зарлан танилцуулжээ. Тэрээр тус аппликейшныг хүүхэд багачуудын дундах үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллийг нэмэгдүүлж байгаа явдалд буруутгасан байна.
Дээрх хэрэг явдал нь сошиал медиа буюу нийгмийн сүлжээний хүүхэд багачууд, өсвөр настнуудад үзүүлж буй сөрөг нөлөөллийн асуудлыг нийгэмд гарган тавьсан бөгөөд сурагчид TikTok дээр үзсэн контентуудаас санаа авч сургууль дээрээ хутга мэс болон бусад зүйлсийг авчирч, бусдыгаа дээрэлхэх явдал улам ихсэх болсон ажээ.
Албанийн ерөнхий сайд Эди Рама эцэг эхчүүд, багш нар болон сэтгэлзүйчдийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр TikTok-ийг нэг жилийн хугацаанд түр хориглох хууль 2025 оны 1 сараас хэрэгжиж эхэлнэ гэдгийг мэдэгдсэн ч тодорхой товыг зарлаагүй байна.
Өнгөрсөн сард TikTok дээр эхэлсэн хэрүүл маргаанаас болж нэг сурагч нөгөөгөө хутгалж хороосон хэргийн дараагаар Албанийн эрх баригчид сургуулийн багш нар болон эцэг эхчүүдтэй нийт 1300 удаагийн уулзалт хийсний үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргажээ.
TikTok-ийн зүгээс Албанийн засгийн газрын шийдвэрийг тодруулахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд Албанид гарсан дээрх хэргийг үйлдсэн сурагч болон хохирогч нарыг TikTok-д бүртгэлтэй байсан гэх ямар ч баримт нотолгоог олоогүй гэдгээ BBC агентлагт уламжилсан байна.
Хятадын ByteDance компанийн эзэмшдэг TikTok аппликейшныг өнөөдрийн байдлаар Энэтхэг, Иран, Афганистан, Сомали зэрэг улсуудад бүрмөсөн хориглоод байгаагаас гадна Европын Франц, Герман, Бельги зэрэг улсад хүүхэд багачуудад хэрэглэхийг нь хориглоод байгаа бол Австрали улс өнгөрсөн сард 16-аас доош насны хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хориглох шийдвэрийг гаргаад байгаа билээ.
АНУ-д мөн TikTok-ийг эзэмшигч ByteDance компаниас тус аппликейшныг 270 хоногийн дотор Хятадын бус компаниудад худалдахыг шаардсан ба шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд TikTok-ыг АНУ-д хориглох болно хэмээн тулгаад байгаа юм. TikTok-ийн зүгээс албадан худалдах тухай дээрх тушаалыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлсэнтэй холбоотойгоор дээрх асуудлыг АНУ-ын дээд шүүх ирэх 2025 оны 1-р сард хянан шүүж, шийдвэрлэхээр болоод байгаа юм.