“Барс” худалдааны төвөөр өдөрт олон зуун хүн үйлчлүүлдэг. Гэтэл тус захын хаалга хиртэй, бохир заваан байгаа нь үйлчлүүлэгч нарын шүүмжлэлийг дагуулж байна. Тодруулбал хаалга бүрт гудас шиг хүнд бүтээлэг унжуулсан нь бараа зөөдөг хүмүүс болон захаар үйлчлүүлж байгаа хүмүүст хүндрэлтэй байна. Тус захад яг ийм бүтээлэгтэй хаалга 10 орчим бий. Захын удирдлагууд жавар хаах гэж энэ хаалт унжуулжээ. Гэхдээ энэ нь жавар хаахаас илүүтэй өнгө үзэмжийн хувьд зохимжгүй, үйлчлүүлж байгаа хүмүүсийн хувцсыг бохир болгодог аж. Иргэд энэ талаар “Бохир заваан энэ хаалтаа солих хэрэгтэй. Гурил будаа, жимс жимсгэнэ өргөөд явахаар хаалганд унжуулсан хүнд, бохир хаалт нь саад болдог.
Ялангуяа жимс ногоо төвлөрсөн энэ захаас худалдан авч байгаа хүнс болгон хүний ходоод руу ордог. Гэтэл ийм орчинд худалдан борлуулж байгаа хүнс цэвэр, эрүүл байж чадах уу?” гэж ярьж байлаа.
Орчин цагт ийм хаалгатай зах байгаад иргэд эмзэглэж байна. Түрээслэгч нараас авч байгаа мөнгөөрөө вакум эсвэл эргэдэг хаалга хийх гэх мэт өчнөөн арга, шийдэл байгаа талаар ч ярив. Тус захад ойролцоогоор 200 гаруй түрээслэгч байдаг гэнэ. Нэг лангууны сарын түрээс м2-аасаа хамаарч харилцан адилгүй, дундаж үнэ 715 мянган төгрөг байдаг аж. Ингээд тооцвол зөвхөн түрээслэгч нараас 143 сая төгрөг “Барс” захын удирдлагуудад сар бүр хуримтлагддаг гэсэн үг. Ийм мөнгөөр иргэдийн хувцсыг бохир болгодог, орж гарахад хүндрэлтэй хаалгыг сольж өөрчлөх өчнөөн боломж бий. ”Барс” худалдааны төвийн удирдлагуудад сэтгэл дутав уу?