Галаас 2 хүүхэд аварсан Дархан-Уул аймгийн 31 дүгээр сургуулийн 8б ангийн сурагч Н.Мөнхбаатар, 10б ангийн сурагч Э.Ганцоож нар “Монгол Улсын 2024 оны онцлох хүүхэд”-ээр тодорлоо. Тэд “Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлстэн” төрөлд энэ шагналыг хүртэж байна.
Дархан-Уул аймгийн төвд 12 дугаар сарын 18-нд айл шатах үеэр уг айлын 2 жаахан хүүхдийг тэд аварсан юм. 31-р сургуулийн сурагч Н.Мөнхбаатар гэрийнхээ гадна цас цэвэрлэж байгаад, хөршийнх нь хүүхдүүд уйлж орилохыг сонссон байна. Түүнийг хашаан дээгүүр өнгийн хартал хөршийнх нь гэрийн тооноор утаа баагьж, 4-5 настай 2 хүүхэд нь гэрийнхээ гадна нимгэн хувцастай уйлан зогсож байжээ. Тэр хөршийнх рүүгээ гүйнгээ ах Э.Ганцоож руугаа утасдаж, дуудсан байна.
Н. Мөнхбаатарыг хашаанд нь орох үед охины гараас тэвэрсэн муур алдуурч, шатаж буй гэр лүү үсэрч орсон гэнэ. Хүүхдүүд муурынхаа араас гэр лүүгээ харайж оржээ. Тэрээр араас нь орж, 5 настай хүүхдийг тэврэн гарч ирэх үед ах Э.Ганцоож нь зөрж орон, гэр дотор муураа хайж байсан 4 настай хүүхдийг тэврэн авч гарчээ. Яг энэ үед гэрийн тооно нурж унасан байна. Дархан-Уул аймгийн 31-р сургуулийн ийн 2 хүүхэд аварч, баатарлаг үйлс бүтээлээ.