Ж.Байден 37 хоригдлын цаазын ялыг насаар нь хорих ял болгон хөнгөрүүлжээ


АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден холбооны цаазын ялтай 40 хоригдлоос 37 хоригдолд энэрэнгүй хандаж, тэдний цаазын ялыг хөнгөрүүлж, насаар нь хорих ял болгон өөрчлөх ерөнхийлөгчийн өршөөл үзүүлсэн байна.

Ерөнхийлөгчийн өршөөлд багтаж чадаагүй цаазын ялтай 3 хоригдлын нэг нь 2013 оны Бостоны марафон гүйлтийн үеэр тэсрэх бөмбөгийн халдлага үйлдсэн Жохар Царнаев, бол нөгөө хоёр нь 2015 онд 9 өнгөт арьстанг буудан хороосон арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч Дилан Рүүф, 2018 онд 11 еврей үндэстэнг буудан хороосон Роберт Боуэрс гэгч нар ажээ.

Харин өршөөлд хамрагдсан хүмүүсийн дотор шоронд хоригдож байхдаа хүний амь хороосон 9 хүн, банк дээрэмдэж байгаад хүний амь хороосон 4 хүн, шоронгийн харгалзагчийн амь насанд халдсан нэг хүн багтжээ.

Ж.Байден өршөөлийн талаарх мэдэгдэлдээ “хийсэн хэрэгтээ гэмшиж ухаарсан, өдөр бүр харамсдаг хүмүүст өршөөл үзүүлсэн, бид цаашдаа цаазын ялыг хэрэглэхгүй байх ёстой гэдгийг улам бүр ойлгосон” хэмээн хэлсэн байна.

Хэдийгээр Ж.Байден цаазын ялыг эсэргүүцдэг, үүний эсрэг кампанит ажлуудыг зохион байгуулдаг боловч түүнийг АНУ-ын төрийн тэргүүнээр ажилласан 4 жилд 70 гаруй цаазын ялыг гүйцэтгэсэн байна.

Харин Д.Трампын хувьд тэрээр цаазын ялыг дэмждэг улс төрч бөгөөд сонгуулийн сурталчилгааны үеэрээ Америкийн иргэдийг хороосон цагаач, дүрвэгчид, хүний наймаа болон хар тамхи, мансууруулах бодисын наймаачдад цаазын ял оноодог болгох болно хэмээн хэлж байсан юм.

АНУ-ын 50 мужийн 23 нь цаазын ялыг халаад байгаа бол Аризона, Калифорни, Огайо, Орегон, Пеннсильвани болон Теннесси гэсэн зургаан мужид цаазын ялын үйл ажиллагааг түр зогсоох, хойшлуулах хууль эрхзүйн дүрэм үйлчилж байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *