Засгийн газрын замбараагүй сангууд


Засгийн газар 27 тусгай сантай. Үүний 13-ыг хуулиар зохицуулдаг. Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сан гэх мэт хаанаас орлогоо бүрдүүлэх, юунд хэрхэн зарцуулахыг хуулиар тодорхой зааж өгсөн 13 сан байна.  

Тэгвэл хуулиар тодорхой зохицуулаагүй, “…сан” гэсэн ганцхан өгүүлбэр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд оруулаад, бий болгочихсон 14 сан бий. Эдгээр сан анхаарал татаж байна. Тус санд улсын төсвөөс өгсөн мөнгийг хэзээ, хэнд өгч, юунд зориулахыг үндсэндээ сайд мэднэ. Зарим сангийн мөнгийг ямар нэг агентлагт төвлөрүүлэн зарцуулдаг бол зарим санд зориулан зөвлөл байгуулсан байдаг. Ямар ч агентлаг, зөвлөлгүйгээр сайд өөрөө шууд захиран зарцуулдаг сан ч бий. ЖДҮ-ийг хөгжүүлэх, Боловсролын зээлийн гэх мэт санг Засгийн газрын тогтоол, салбарын сайдын тушаал, журмаар зохицуулдаг.

Засгийн газрын тогтоолоор зохицуулдаг сангийн нэг нь Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын удирддаг энэ санг 2023 онд Засгийн газрын тогтоолоор баталсан “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг бүрдүүлэх, зарцуулах журам”-аар зохицуулж байна. 2023 онд тус сан 5.1 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан атал 4 тэрбумаар хэтрүүлэн, 9.1 тэрбум төгрөг зарцуулсан байх юм. 2024 онд бас л 5.1 тэрбумыг төсөвлөсөн ч 6.4 тэрбумыг үрэн, 1.3 тэрбум төгрөгөөр хэтрүүлээд байна.  

Эдгээр 14 сан нийт 1 их наяд төгрөгийн найдваргүй авлагатай байна

Агентлагаар дамжуулан удирддаг сангийн нэг нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдэлд байдаг энэ сангийн төсвийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар төвлөрүүлэн зарцуулдаг. Тус сан 2023 онд 9.957.079.800 төгрөг төсөвлөж, 81.320.787.081 төгрөг зарцуулан, төсвөө 9 дахин хэтрүүлжээ. Тэгвэл энэ онд ямар ч мөнгө төсөвлөөгүй 14.519.545.400 төгрөгийн алдагдалтай байсан атлаа 61.886.947.156 төгрөг зарцуулаад байна. 

Ямар нэг агентлаг, зөвлөлөөр дамжуулалгүйгээр сайд өөрөө шууд захиран зарцуулдаг сангийн тод жишээ бол ЖДҮ-ийг хөгжүүлэх сан. 2023 онд тус сангаар дамжуулан Засгийн газар 50 тэрбум төгрөгөөр жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжихээр төсөвлөсөн ч бараг 2 тэрбумаар хэтрүүлж, 51.925.229.441 төгрөг зарцуулжээ. Тэгвэл энэ онд 45.629.417.047 төгрөг төсөвлөөд, 6.1 тэрбумаар хэтрүүлэн, 52.206.700.000 төгрөг гаргаад байна.

Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Засгийн газрын нөөц сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Хуримтлалын сангаас бусад нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан үйл ажиллагааг санхүүжүүлэх зарчимтай. “Улсын төсвийн мөнгө, хандив, тусламж, өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого, зээлийн хүүгийн орлогоос тусгай сан бүрдэнэ” гэж Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заажээ. Бүх л сан улсын төсвөөс мөнгө авдаг. Улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгө, газар доорх баялгаас олсон мөнгөөр энэ сангуудыг тэжээдэг. Хүүхдийн төлөө сангаас бусдад нь хандив өгсөн хүн, аж ахуйн нэгж, байгууллага байгаа эсэхийг бүү мэд. Машины азын дугаарын орлогоос Автотээврийн үндэсний төв 16.9 төгрөг тус санд шилжүүлсэн бол “Хүүхдийн фонд” ТББ хандивлагчдын 17.2 тэрбум, урлаг, спортын орлогоос олсон 2.1 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өгсөн юм.   

Сангууд үйл ажиллагаагаараа хэр их мөнгө олдог тухай мэдээлэл алга. Олдог ч үгүй биз. Сангууд зээл олгоод, хүүтэй нь хамт буцаан авч байх ёстой. Ийм байдлаар зээлийн хүүнээс бага ч болов орлого олох боломжтой. Гэвч хүү бодож авах нь байтугай өгсөн зээлээ ч буцаан олж авч чадахгүй байна. Хуульгүйгээр сан байгуулахын хор уршиг ингэж гарч байгаа юм.

Сангууд үйл ажиллагаагаараа хэр их мөнгө олдог тухай мэдээлэл алга. Олдог ч үгүй биз

Одоогийн байдлаар эдгээр 14 сан нийт 1 их наяд төгрөгийн найдваргүй авлагатай байна. Уг нь эдгээр сангаар дамжуулан төр жижиг, дунд үйлдвэрлэгч, гадаадад сурах оюутан, тариалан эрхлэгч, судлаачийг хүү багатай болон хүүгүй зээлээр дэмжих зорилготой. Гэвч бодит байдал дээр тусгай сангууд сайд, дарга нарын төрийг хоослох хэрэгсэл болж хувирав. ЖДҮ хөгжүүлэх, Тариалан эрхлэлтийг дэмжих, Боловсролын зээлийн гэх мэт санг эрх мэдэлтнүүд хэрхэн тоносныг та бид мэднэ.

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас авсан зээлээ төлөөгүй компаниудын баримтыг жалганд аваачиж шатаасан тухай 2023 оны 3 дугаар сард тухайн үеийн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа олон нийтэд мэдэгдэж байв. Энэ хэргийг хэн ч шалгаагүй, ямар ч хариуцлага тооцоогүй. Харин ч 4 дүгээр сарын 21-нд Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, оронд нь “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХК байгуулсан юм. Булхай нь илэрмэгц булайгаа далдлахын тулд санг татан буулгаад, компани болгож, нэрийг нь өөрчилсөн. Тус сангаас зээл авсан зээлдэгчдийн дөнгөж 7% нь зээлээ төлжээ. 9000 иргэн, компани 153 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй, чанаргүй гэсэн ангилалд оруулчихсан байна. Үүнээс гадна 179 тэрбум төгрөгийн зээл нотой. Тус сан 179 тэрбумын зээл олгосон гэх боловч зээлдэгчдийн авсан мөнгөний хэмжээтэй таарахгүй, зөрүүтэй байв. Бусдын авсан зээлийн хэмжээг тус сангийн ажилтнууд нэмж бичээд, зөрүүг нь завшчихсан байж магадгүй байгаа юм. 

Уг нь сангууд өмнөх зээлээ төлүүлэн, дараагийн хүнд уг мөнгийг зээлэх ёстой. Гэвч түүнийгээ олж авдаггүй. Авахыг ч хүсдэггүй. Сайд хэрвээ хүссэн бол яаж ийгээд авах л байсан. Тэгсэн хэрнээ улсын төсвөөс жил бүр мөнгө авдаг. Ийм байдлаар асуудал ужгирсаар сан бүр 240-270 тэрбум төгрөгийн авлагатай хоцорчээ. Үүнийг найдваргүй авлагад тооцоод, олдохгүй гэж итгүүлээд явж байна.

Үндэсний аудитын газар жил бүр үүнийг илрүүлж, тухайн сангуудыг сөрөг, хязгаарлагдмал гэж дүгнэдэг ч хэн ч тоохгүй явсаар өдий хүрлээ. Тиймээс зарим санг татан буулгах, боломжтойг нь нэгтгэх, хуулиар зохицуулдаг болгох шаардлагатай байна. УИХ 2023 оны 4 дүгээр сард ажлын хэсэг гарган, Засгийн газруудын тусгай санг шалгуулсан. Одоо Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль, Авлигын тухай хуулийн дагуу хариуцлага тооцох шаардлагатай байна.  

Засгийн газрын хуримтлал, тогтворжуулалтын сан

  1. Засгийн газрын нөөц сан
  2. Ирээдүйн өв сан
  3. Төсвийн тогтворжуулалтын сан

Нийгмийн хамгааллын сан

  1. Нийгмийн даатгалын сан
  2. Эрүүл мэндийн даатгалын сан

Бусад тусгай сан

  1. Байгаль орчин, уур амьсгалын сан
  2. Боловсролын зээлийн сан
  3. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
  4. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
  5. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан
  6. Зэвсэгт хүчний хөгжлийн сан
  7. Кино урлагийг дэмжих сан
  8. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сан
  9. Нийгмийн халамжийн сан
  10. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан
  11. Спортыг дэмжих сан
  12. Улсын авто замын сан
  13. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
  14. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
  15. Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан
  16. Эрүүл мэндийг дэмжих сан
  17. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан
  18. Хүүхдийн төлөө сан
  19. Цагдаагийн хөгжлийн сан
  20. Хөгжлийн сан
  21. Хуримтлалын сан
  22. Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *