Олон нийтийн цахим сүлжээнд “Tugrug Gerelchuluun” гэх фэйсбүүк хаягаас энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Тэрбум мод хөтөлбөр яасан бэ!” гэх гарчигтай “Зүгээр моднуудыг өдөр шөнөгүй унагаж байна…” гэх агуулга бүхий видео мэдээлэл түгээсэн юм. Уг мэдээллийг дагуу Экологийн цагдаагийн алба шалгахад, тухайн газарт өнөөдрийн байдлаар мод бэлтгэх үйл ажиллагаа явуулаагүй байжээ.
Уг бичлэгтэй адил агуулга бүхий бичлэг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Нэгүүн.мн” мэдээллийн сайтад нийтлэгдсэн аж. Түүний дагуу тухайн үед Экологийн цагдаагийн алба мөрдөн шалгах ажиллагаа явуулж, цэвэрлэгээний журмаар мод огтолж байсныг тогтоосон аж. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/321 дугаар тушаал, 2023 оны А/440 тушаалаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Багатэнгэрийн амны 38,3 га талбай, Залаатын амны 15 га талбайн ойг цэвэрлэсэн юм байна. Ингэхдээ “Эбээ”, “Уудам-Өсөх”, “Үндэсний-Ойжилт” ХХК гэх 3 мэргэжлийн байгууллагаас сонгон шалгаруулж, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Батсүмбэр суман дахь сум дундын ойн анги гурвалсан гэрээ байгуулж, 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс ойн цэвэрлэгээг хийсэн байна.
Үүнийг одоо дахин олон нийтийн сүлжээгээр түгээсэн бололтой.