АНУ-ын эрүүл мэндийн даатгалын UnitedHealthCare компанийн гүйцэтгэх захирал Брайн Томпсоныг буудан хороосон хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Луижи Манжионе-гийн анхан шатны шүүх хурал даваа гарагт болсон байна.
Түүний шүүх хурал Нью-Йорк мужийн шүүхэд болж байгаа бөгөөд Луижи Манжионег нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг, терроризмын шинжтэй хүн амины хэрэг, хууль бус галт зэвсэг биедээ авч явсан, хууль бус бичиг баримт үйлдсэн гэх зэрэг нийт 11 эрүүгийн хэрэгт буруутгаад байгаа юм.
Хэрвээ тэрээр түүнийг буруутгаад байгаа дээрх бүх хэрэгт буруутай нь тогтоогдож ял сонсвол давж заалдах эрхгүйгээр бүх насаараа хоригдох ял явах болно. Тэр ч бүү хэл цаазын ял ч сонсч магадгүй байгаа юм.
Тэгвэл даваа гарагийн шүүх хурлын үеэр Луижи Манжионе өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлсэн байна. Түүний өмгөөлөгч Карен Фридман Агнифило үйлчлүүлэгчид нь тулгаж байгаа хэргүүд ойлгомжгүйгээс гадна түүнийг баривчилгаа хувь хүний эрхэнд халдаж, эрхийг нь зөрчсөн байдалтай явагдсан гэх зэргээр өмгөөллийн байр сууриа илэрхийлжээ.
Шүүх хурлын үеэр олон сэтгүүлч, сурвалжлагч цугларснаас гадна голцуу залуу бүсгүйчүүд бүхий иргэд, олон нийтийн төлөөлөл шүүх танхимд байлцаж, Луижи Манжионед дэмжлэг үзүүлэхээр ирснээ хэвлэлд ярьсан байна.
Эрх баригчдын зүгээс Луижи Манжионег Нью-Йорк хотын Бруклин дүүргийн Метрополитены түр саатуулах төвд хорьж байгаа бөгөөд түүнийг АНУ-ын эрүүл мэндийн үйлчилгээ/даатгалын салбарт бухимдаж, өс хонзон санаж дээрх хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа ажээ.