Нью-Йорк хотын метронд эмэгтэй хүнийг шатаасан хэргийн сэжигтэн, 33 настай Себастьян Запета-г нэг болон хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт, мөн гал тавьсан давхар хэрэгт буруутгасныг даваа гаригт хотын цагдаагийн газраас мэдэгджээ.
Сэжигтэн этгээд метронд унтаагаараа зорчиж явсан эмэгтэйн хувцсыг асаагуураар шатаасны улмаас хохирогч хормын дотор шатаж, хэдийгээр цагдаа нар галын хөөсөөр галыг унтраасан ч тэрхүү эмэгтэй газар дээрээ нас барсан болохыг Нью-Йорк хотын цагдаагийн газрын комиссар Жессика Тиш сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Хохирогч эмэгтэй галд шатах үедээ огт хөдөлгөөнгүй байсан бөгөөд мөрдөгчид түүнийг унтаж байсан эсэхийг шалгаж байгаа ажээ.
АНУ-ын цагаачлалын албаны зүгээс Себастьян Запета-г 2018 онд АНУ-д хууль бусаар нэвтрэн орж ирснийг илрүүлж, түүнийг албадан гаргаж байсан ба түүнийг дахиад хууль бусаар тус улсад нэвтрэн орж ирсэн талаар мэдээлжээ.