Томуунаас болоод, 3 сумын сургууль, цэцэрлэгийн хичээлийг цахимд шилжүүлэв


Өмнөговь аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдан, Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг өнөөдрөөс цахимд шилжүүллээ. Цахим хичээл 12 дугаар сарын 24-31-ний өдрүүдэд үргэлжилнэ. Энэ хооронд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс эдгээр сумын ажиллагсдыг цахимаар ажиллуулах, цалинтай чөлөө өгөх зэргээр зохицуулахыг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд Онцгой комисоос чиглэл болгожээ.

Томуу, томуу төсь өвчин амбулаторийн үзлэгийн 46 хувийг эзэлж байна. Хүүхдийн тасагт 146 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 116 нь томуутай байна. Дээрх сумдад томуу их байгаа. 0-15 насны хүүхдүүд голдуу өвчилж байна. Даланзадгадын өрхийн эмнэлгүүд, эмийн сангуудыг уртасгасан цагаар ажиллуулж байна. Ажлын өдөр 08:00-20:00, амралтын өдөр 10:00-17:00 цагийн хооронд ажиллаж эхэллээ.

Томуугийн дэгдэлт ихсэж байгаатай холбогдуулан Шинэ жилийн баяр, олон нийтийн үйл ажиллагааг багасгах, галын аюулаас урьдчилан сэргийлж, иргэд, айл өрхүүд гацуурын чимэглэл, гэрэлтүүлгийн цахилгаанаас салгаж, анхаарал болгоомжтой байхыг Онцгой комисс анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *