Хамас бүлэглэлийн удирдагч Ишмаил Ханияг өнгөрсөн 7-р сарын 31-нд Ираны нийслэл Тегеранд хөнөөсөн болохыг Израилын Батлан хамгаалахын сайд Израэл Катц даваа гаригт мэдэгдсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээд байна. Израил улс Хамас-ын удирдагчийг хөнөөснөө анх удаагаа хүлээн зөвшөөрч, нотлон мэдэгдсэн нь энэ боллоо. Хамас-ын удирдагчийг Ираны нийслэл Тегеран хотын нэгэн барилга дотор байхад нь дайран орж хөнөөсөн бөгөөд тэрхүү халдлагыг Израилын талаас үйлдсэн гэж үздэг байна.
Израэл Катц хэлэхдээ “Бид Хания, Синвар, Насралла нарыг Тегеран, Газа, Ливанд хөнөөсөн шигээ Ходейда, Санаа хотуудад ч дайснаа хөнөөх болно” гэжээ. Түүний дурьдсан эдгээр нэрс нь Хезболла болон Хамас бүлэглэлийн удирдагчдын нэрс бөгөөд тэд бүгд энэ жил амиа алдсан юм.
Израилын Батлан хамгаалахын сайд мөн Йемений Хути зэвсэгт хүчин сүүлийн өдрүүдэд Израил руу олон удаа пуужин харвасан явдлын хариуг барьж, тэдний стратегийн дэд бүтцэд эсрэг улам хүчтэй цохилт өгч, Хүти зэвсэгт бүлэглэлийн удирдагчийн “толгойг авах” болно хэмээн ширүүхэн мэдэгдэл хийсэн байна. Мөн тэрээр Израил улс Хамас, Хезболла бүлэглэлүүдийг нэгэнт ялж, Ираны батлан хамгаалах систем болон пуужингийн үйлдвэрлэлийн системийг сүйрүүлсэн, цаашид Хути зэвсэгт бүлэглэлийн эсрэг хатуу цохилт өгөх болно гэжээ.
Харин Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Хамас бүлэглэлтэй явуулж байгаа Газын зурваст гал зогсоох яриа хэлэлцээнд зарим ахиц дэвшил гарсныг хэлсэн ч гэрээг хэлэлцээрийг байгуулах товын талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байна.
Нэрээ нууцалсан Палестины өндөр дээд албан тушаалтан BBC агентлагт өгсөн ярилцлагадаа Израил, Хамасын хоорондох яриа хэлэлцээ 90%-тай үргэлжилж байгааг онцолсон байна.