Өнгөрсөн хавар буюу гуравдугаар сарын 25ны өдөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нар “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус б усад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж өргөн барьсан. Улмаар УИХ энэ тогтоолыг хэлэлцээд дөрөвдүгээр сарын 26-ны өдөр баталсан байдаг. Нэг ёсондоо ингэснээр приус машины нүүрсэн янданг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон юм. Үүнээс өмнө юу болж байсныг бүгд мэднэ.
Приус машины нүүрсэн яндангийн хулгай гаарч, сүүлдээ ил цагаан зар тавьж худалдан авдаг болсон. Нүүрсэн яндан гэдэг бол машинаас гарах утааны бүхий л хорт бодисыг шүүж авдаг гол зүйл нь аж. Гэвч үүнийг мэдсээр байж таван төгрөгний ашиг харсан хүмүүс зарсаар л байлаа. Сүүлдээ 1-2 сая төгрөг хүрсэн. Энэ нь олон улсын зах зээлд цагаан алт, родий, палладий зэрэг үнэт металлуудын эрэлт ихэсч, үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан автомашины нүүрсэн яндан /катализатор/-ыг дахин боловсруулж, үнэт металл гарган авч худалдаалах хандлага ихээхэн гарах болсонтой холбоотой гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байв. Гаалийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл, 2020-2021 оны хооронд катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна. Ийнхүү баахан нүүрсэн яндангүй машинууд өдгөө хотын агаарын бохирдлын нэг шалтгаан нь болж байна. Замын цагдаагаас дурын мянга мянган машин зогсоогоод шалгалт явуулахад л 400 гаруй нь нүүрсэн яндангүй гарсан байна. Тийм ч учраас нийслэлээс нүүрсэн яндан буюу катализаторгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан юм.
Автомашиныг оношилгоонд оруулж, нүүрсэн яндангүй бол тэнцүүлдэггүй. Гэтэл сүүлийн үед нүүрсэн яндангийн түрээс гэдэг а шигтай ажил бий болжээ. Приус машиныг оношилгоонд тэнцүүлэхийн тулд яндан түрээсэлдэг, хулгайлдаг бизнес газар авчээ. Нэг удаагийн энэхүү түрээс нь 100-200 мянган төгрөг байгаа аж. Нэг ёсондоо “Нүглийн нүдийг гурилаар хуурах” болсон гэсэн үг. “Утаанд хордож үхлээ” хэмээн цахим орчинд орилдог ч нүүрсэн яндангаа зарж, улмаар шалгалтынхныг хуурахын тулд түрээслэн тавьж байгаа нь нууц биш. Утааг дан ганц төр засаг, дарга нар бий болгоогүй. Бас хэн нэгэн гарч ирээд үлээгээд арилгачихгүй. Бид л энэ байдлаар утааг бий болгосон. Тийм болохоор бид ч гэсэн өөрсдийнхөө хэмжээнд хичээж, оролцож байж утааг байхгүй болгоно. Нүүрсэн яндангаа зарчихаад түрээсээр тавьж оношилгоонд оруулж байгаа чинь замын цагдааг хуурч байгаа үйлдэл биш шүү. Харин өөрийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хордуулж, ирээдүйг нь хуурч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Т.Дархан