Цахилгаан менингитийг ханиадтай андуурахгүй байхыг сэрэмжлүүлье!


Цахилгаан менингит буюу менингококкцемийн халдвар авсан өвчтөн Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Менингококкоор өвчилсөн 10 настай хүүхдийг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж байна. Түүний биеийн байдал одоогоор хүнд байгаа аж.

Энэ өвчинг менингококк нян үүсгэдэг. Халдвар авсан хүний бие хурдан муудаж, үхэлд хүргэдэг. Өвчний шинж тэмдэг 12-16 цагийн дотор илэрнэ. Эмчилгээг цаг алдалгүй нэн даруй эхлүүлэхгүй бол аминд нь аюултай. Учир нь нян тархины зөөлөн давхаргад бөөгнөрөн, идээт үрэвсэл үүсгэнэ.

Халдвар өвчтэй хүн, эрүүл нян тээгчээс агаар, дуслын замаар дамжина. 0-5 настай хүүхэд өртөмтгий. Хүүхэд 38-40 хэм хүртэл өндөр халуурч, өвчин нь хурдан хүндэрч, шооконд ордог.

Энэ өвчнийг ханиад томуутай андуурч, улам хүндрүүлэх эрсдэлтэйг эмч анхааруулж байна. Хүүхдийн хөлнөөс эхэлж, улаан тууралт гарна. Үүнийг маш сайн анзаарч, ханиад хүрсэн хүүхдийнхээ биеийг бүхэлд нь шалгах хэрэгтэй. Хүүхэд 38 хэмээс дээш халуурч, халуун нь буурахгүй, гэрэл болон дуу чимээнд маш мэдрэг болж, толгой нь хүчтэй өвдөж байгаа бол яаралтай эмнэлэгт хандаарай.  

Менингококкт халдвар нянгаар үүсгэгддэг бөгөөд халдвар авсан хүнд эмнэл зүйн шинж тэмдэг 24 цагийн дотор хурдан илэрч эмчилгээ хожимдвол өвчтөн хурдан хүндэрдэг. Халдвар өвчтэй хүнээс агаар, дуслын замаар дамжин халдварлана.

Өвчин үүсгэгч нянгийн гадаад орчинд амьдрах чадвар нь маш сул. Тасалгааны дулаанд 1-3 цаг, Нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минутын дотор үхдэг. Иймээс гэр ахуйн орчинд цэвэрлэгээ ариутгалыг сайн хийхийг зөвлөж байна.

Менингококкт халдварын хэлбэрээс хамаарч, өөр өөр шинж тэмдэг, хүндрэлийг үүсгэдэг. Үүнд:

Цусархаг тууралт: Хонго, гуя, гар, мөч, цээж, нүүр, нүдний зовхи хэсгээр цэгэн болон од хэлбэрийн цус харвалтууд үүснэ. Тууралт халуурч эхэлснээс хойш 6-8 цагийн дараа ажиглагдана. Том хэмжээний цус харвалтууд эцэстээ үхжилт үүсгэдэг.

Тархи, нугасны үрэвсэл: Нянгийн халдвар тархины зөөлөн давхаргад бөөгнөрөн идээт үрэвсэл үүсгэнэ. Жихүүдэс хүрэх, 38-39 хэм хүрч огцом халуурах, тайван бус болох, татганах шинж илэрнэ. Маш мэдрэмтгий, цочимтгой болно.

Бие сульдсан, дархлаа муудсан үед халдварт өртөх эрсдэл нэмэгддэг тул биеийн эсэргүүцлээ сайжруулаарай. Энэ халдварын үед бусад халдварт өвчинтэй андуурах тохиолдол гардаг учраас дур мэдэн гэрээр эмчилгээ хийх, хугацаа алдаж хүлээлгүйгээр эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.

Халдварын үед дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд:

  • Өндөр халуурах
  • Бөөлжих
  • Толгой өвдөх
  • Нойрмоглох
  • Цусархаг тууралт гарах
  • Гэрэлд цочимтгой болох
  • Дагз хөших
  • Таталт өгөх
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *