106 сорьцноос H1N1 вирүс, 107 сорьцноос синтициал вирүс илэрчээ


Улаанбаатар хот, Дархан-Уул, Завхан, Ховд, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Увс, Өмнөговь, Дорноговь, Дорнод аймаг дахь томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс 12-р сарын 16-22-ны хооронд цугларсан 474 хүний хамар, залгиурын арчдаснаас томуу, корона, синтициал вирүс илрүүлэх шинжилгээг Томуугийн үндэсний төв хийжээ. 474 хүний 218 (46%)-аас нь эмгэгтөрүүлэгч илэрсэн байна. Үүнийг ангилбал:

  • 106 сорьцноос томуугийн A хүрээний H1N1 вирүс,
  • 107 сорьцноос синтициал вирүс,
  • 5 сорьцноос корона вирүс.

Одоо хүн амын дунд эдгээр вирүс эргэлдэн, амьсгалын замын хүнд өвчин үүсгэж, эмнэлэгт хэвтэхэд хүргэж байгаа аж. Үүний зэрэгцээ томуу, томуу төст өвчин үүсгэгч илрүүлэх шинжилгээг түүвэр 64 сорьцонд хийхэд 21-ээс нь эмгэгтөрүүлэгч илэрчээ.

Үүнийг ангилбал:

  • 9 сорьцноос риновирүс,
  • 3 сорьцноос аденовирүс,
  • 5 сорьцноос синтициалвирүс
  • 1 сорьцноос томуугийн иж вирүс,
  • 3 сорьцноос метапневмовирүс.

Ханиадтай хүмүүсийг санамсаргүйгээр сонгон авч шинжлэхэд илэрсэн эдгээр вирүс хүн амын дунд бас байна гэсэн үг. H1N1 вирүс генийн бүтцийн хувьд гахай, шувуу болон хүний томуугийн генийн аль алийнх нь шинж тэмдгийг агуулсан эрлийз хэлбэрийн вирүс байв. 2009 онд томуугийн А хүрээний H1N1 вирүс Дэлхий нийтээр дэгдэж, цар тахлын хэмжээнд хүрсэн юм. Анх Мексик улсад гахайн фермийн гахайнаас энэ вирүс хүнд халдсан гэж судлаачид үздэг. Ингээд хүнээс хүнд дамждаг болж, нийт 200 гаруй оронд тархан, хүний томуугийн вирүс болж хувирсан юм.

Энэ вирүс 99 хувийн халдвартай гэж үздэг. Хүнээс хүнд агаар дуслын замаар дамжиж халддаг учир маш богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлдэг. Амьсгалын эрхтнээр дамжин, хүний цусанд орж, уушги, хоолойноос гадна бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *